-Сайн Үүрээ, энэ удаа бүсгүйчүүдийн шивнээ ярианд урьж байна. Болох уу?
-Ямар сэдвээр тэр вэ?
-Зуны гоёл.
-Аан, болно оо.
-Энэ зун ямар хувцсаар гоёх гэж байна даа. Хэдийнэ бэлтгэчихсэн үү. Эсвэл базааж амжаагүй байна уу?
-Зун гэхээр хамгийн түрүүн наадам санаанд орж байна. Наадмаар монгол үндэснийхээ дээлээр гоёдог. Жил бүр шинэ дээл оёулахыг хичээдэг. Жирийн үед бол даашинз голдуу өмсдөг. Энэ зуны загварын чиг хандлагыг харахад эрээн өнгийн даашинз, цамц их өмсөх юм билээ. Гадаад орнуудад болдог загварын долоо хоногуудын мэдээлэл үзэж байхдаа анзаарсан. Би ч гэсэн загварын гоё эрээн хувцас өмсөнө л гэж бодож байгаа.
-Ер нь хувцсаа хаанаас авдаг вэ. Зарим уран бүтээлч гадаадад явж байхдаа бэлтгэдэг гэдэг…
-Би гадаадаас нэг их авдаггүй ээ. Дийлэнхдээ монгол брэнд, загварын хувцсандаа дуртай болохоор тэр байх. Ноолуур, дээл гээд л явчихна шүү дээ (инээв).
-Өмд нэг их таашаадаггүй юу?
-Ихэвчлэн даашинз өмсдөг. Эмэгтэй хүн эмэгтэйлэг байвал зүгээр гэж боддог. Мэдээж өмд өмсөх хэрэг гарна л даа. Хааяа спорт хувцас, намхан гутал өмсч алхах дуртай.
-Нээрэн нуруугаар намхан биш болохоор тэр бүр өндөр өсгийт өмсдөггүй байх, тийм үү?
-Өмсөнө өө. Өсгийтэй гуталд дуртай. Эмэгтэйлэг хэв маягийг илүүд үздэг болохоор тэгдэг юм болов уу.
-Ямар өнгийн хувцас илүү зохидог вэ?
-Надад улбар шар, ягаан өнгө зохидог. Гэхдээ л надад яагаад ч юм урт, богино, дунд зэргийн урттай хар даашинз олон байдаг.
-Тоглолтын хувцасны тухайд бол монгол дээл, хантааз дийлэнх биз?
-Тийм. Уртын дуучин хүн чинь монгол дээлээ л хийлгэнэ дээ. “Би Урлах эрдэм” дээд сургуулийн загварын товчоогоор үйлчлүүлдэг. Тэнд мэргэжлийн загвар зохион бүтээгч, стилистүүд бүгдлийг хэлээд өгдөг болохоор амар байдаг юм.
-Уран бүтээлчид гэлтгүй бусад хүмүүс ч тодорхой агентлаг, товчоогоор байнга үйлчлүүлэх нь нэг талын соёл, тухайн хүний илэрхийлэл байдаг болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Мэдэхгүй, эргэлзсэн зүйл гарвал харилцан ярилцаад шийдчихнэ.
-Гоёл чимэглэлдээ хэр анхаардаг вэ. Одоо үед хүүхнүүд нэг их алт, мөнгө гэхээ болио юу даа?
-Зүүнэ ээ, зүүнэ. Алт, мөнгө, монетон ээмэг бөгж бий. Бас сваровски шигтгээтэй гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн их таалагддаг. Дээл, даашинздаа зохицуулаад зүүдэг.
-Хүүхэд нь жаахан байгаа шиг санаж байна. Хэд хүрсэн бэ?
-Нэг ойтой.
-Жаахан мяраалсан байсан…
-Одоо буцаад хэвэндээ орчихсон. Юу хүссэнээ өмсч болно (инээв).
-Энэ зуны хувцас, гоёлынхоо талаар санал солилцож ярилцсанд баярлалаа. Уран бүтээл нь өндөр биз дээ. Одоогоор юун дээр ажиллаж байна?
-Манай нөхөр дуучин Д.Жавхаасайхан. Бид хоёр хамтраад монгол ардын уртын болон ардын, харилцаа дуугаар цомог хийлгэж байгаа. Удахгүй сонсогчдодоо хүргэнэ. Бид хоёр Дундговь, Өвөрхангай аймгийн бүх суманд тоглохоор аян замд маргааш гарах гэж байна.
-Аялан тоглолт байх нь ээ?
-Тийм ээ. Би Дундговийнх, манай нөхөр Өвөрхангайнх. Ойрд нутаг усандаа тухтай очоогүйг хэлэх үү, нэг очихдоо уран бүтээлтэй зорьё гэж шийдсэн. Тоглолтоо Дундговийн төвд 26-нд эхлүүлээд ирэх зургадугаар сарын 1-нд Өвөрхангайн Хар хоринд өндөрлүүлэх төлөвлөгөөтэй.
-Ажил ихтэй, уран бүтээлийн олзтой байгаа юм байна. Амжилт хүсье?
-Баярлалаа. Намайг ярилцлагад урьсанд баярлалаа
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин