“Gobi power”-ын тендерийг хүчингүй болгох магадлалтай

Хуучирсан мэдээ: 2013.04.24-нд нийтлэгдсэн

“Gobi power”-ын тендерийг хүчингүй болгох магадлалтай

Тавантолгойн худалдан авах ажиллагаанд оролцож, 17 тэрбум төгрөгийн тендерт ялсан “Gobi power” гэх компанийн талаар сүүлийн үед шуугих болсон билээ.

Тэгвэл “Эрдэнэс Таван толгой” БНХАУ-д нүүрс нийлүүлэх “Чалко”-гийн гэрээг шинэчилж буйтай холбоотойгоор Өмнөговь аймгийн Цагаан хадны хилийн бүсэд нүүрс ачилт, буулгалт хийх “Gobi power” компанийн авсан уг тендер нь хүчингүй болно гэх мэдээллийг албаныхан өглөө. Учир нь “Чалко”-гийн гэрээ ёсоор нүүрс нийлүүлэхэд Монголын талаас алдагдалтай байгаа тул экспортын зардлыг багасгахаар гүний гааль буюу уурхайн аман дээрээс гаалийн бүрдүүлэлт хийж, шууд БНХАУ руу тээвэрлэх юм байна. Тиймээс Цагаан хаданд ачаа буулгах, ачих ажиллагааг хийх шаардлагагүй болж, олны хэл ам дагуулсан уг тендер хэрэгжих боломжгүй болох талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас тайлбарлалаа. 

Сануулахад, “Gobi power” компанийн Захирал Д.Уянга нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ойрын  хамаатан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэр бөгөөд эрх мэдлээ ашиглан, тендерт шалгарсан байж болох талтай гэж хэвлэлүүд бичиж буй. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсууриас тодруулахад, “Gobi power” компанийг Г.Дэнзэн даргатай ямар нэгэн холбоогүй гэж бодож байна. Энэ асуудлыг холбогдох газраас нь сайтар нягталсан цагт тодорхой зүйл мэдэгдэх байх. Нүүрс ачих, тээвэрлэх тендер хуулийн дагуу болсон” гэж хариулсан юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж