Архийг цай, кофены дайтай хэрэглээнээс яаж шахах вэ. Үүнд л учир байна. Үнэ мөнгийг нь хэд хэдэн удаа нэмсэн. Ингэснээр хэрэглээг нь бууруулж чадсангүй, харин үнэлэмжийг нь дээшлүүлж, хоногийн хоолны махгүй хэрнээ архиа түрүүлж авдаг араншинг дэвэргэж орхив. Архи уухгүй бол ажил бүтэхгүй тийм цаг үе байсан уу гэвэл байсан. Одоо тэр цаг ард хоцорсон. Шил архины халуунд сэтгэл нь хөдөлж шийдвэр гаргадаг хүн байхгүй болсон. Харин архидалт ажлын байрнаасаа ахуйн хүрээ рүү нутаг сэлгэв. Тэндээсээ албан ёсны архидах газар-баар, ресторанд шилжиж, тэнд бут авч байна.
Манай улсын насанд хүрсэн хүн амын 51.2 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн аймаар баримт байдаг. Өөрөөр хэлбэл, үүнийг уншиж суугаа та бид хоёрын нэг нь архи хэтрүүлэн хэрэглэгч. Бас нэг тоо дурдая. Монголчууд өлгийтэй нялхсаасаа эхлээд өтөл буурайгаа хүртэл жилд наанадаж 20 шил архи цааш нь харуулдаг гэнэ. Үүний үр дагавар нь бидний дундах бие, сэтгэл зүйн хувьд архинаас хамааралтай болчихсон тэр олон элэг нэгтнүүд маань.
Нэгээс мянга хүрдэг жишгээр нэг л мэдэхэд нийгмээрээ амьдралын жолоо цулбуураа архинд булаалгачихсан байхад гайхаж гаслаад байхааргүй дүр төрх бий болчихоод байна. Аливаад учир шалтгаан, уг язгуур гэж бий. Энэ өнцгөөс нь харвал архины хэрэглээ хавтгайрах шалтгаан нь юу вэ.
Хамгийн том хүчин зүйл нь ядуурлын үр дагавар. Ядуу амьдралын гутрал, ажилгүй иргэдийн сэтгэлээ тайтгаруулах гол арга нь мөнөөх архидалт болсон. Тэгээд тэр нь амьдралын хэв шинж болон тогтож байна. Хотоос холхон сумын төвд очоод хараарай. Хашаа байшингийн булан бараадаж будаа тариан дээр цугласан бор шувууд шиг суугаад танилууд аяга тойруулан өдрийг өнгөрөөж буй. Захын хорооллын гудамжны үзүүрт, эсвэл хотын төвийн орцны үүдэнд өглөө эртлэн цугларч ганц юмны мөнгө босгож, өдрийн “жаргал”-аа эхлэх гэж ядаж байгаа өрөвгөрүүдийг нэг хараарай. Тэд ажилгүй, ядуу, хүсэл зорилго үгүй. Нийгмийн шуурганд уруудаж, амьдралын итгэлээ аль хэдийнэ гээгсэд. Тэдний ганц тайтгарал нь архи. Монголчуудад гарын доорхи юм гэвэл өнөөдөр архи л байна. Таван алхмын цаана л архи ёоз дүүзээрээ байна. Тансагийг нь биш юмаа гэхэд хямдыг нь хүртэх өргөн сонголттойгоо.
Монголчуудыг ядуурлаас гаргаж, архины хэрэглээг нь багасна гэвэл мөддөө бүтэхгүй юм шиг байна. Тэр цагийг хүлээж суутал цөөхөн хэдэн монгол маань цөмөөрөө архичин болчихвол яана. Наана нь хуулиа чангалж, журмаа төгөлдөржүүлье. Тэгээд яг тамхины хууль шигээ хэвшүүлж хэрэгжүүлбэл эх орны иргэд, ирээдүйдээ хийж байгаа том хөрөнгө оруулалт болно. Үүнийг олон хүн уухай хашгираад дэмжинэ.
Архи уухгүй л бол уйдаад байж сууж чадахгүй болсон тэр хүмүүсийг хатуу хараа хяналт дор эх орны бүтээн байгуулалт руу хугацаа заан илгээвэл таарна. Ажлын амтанд ороод ирэхээр архиа аяндаа мартана, түрийвч дүүрэн мөнгөтэй болохоороо архи биш, амьдрал харагдаад ирнэ шүү дээ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин