Дотоодоо эрчим хүчээр хангасны дараа экспортолно

Хуучирсан мэдээ: 2013.04.24-нд нийтлэгдсэн

Дотоодоо эрчим хүчээр хангасны дараа экспортолно

Эрчим хүчний сайд М.Сономпил шадар туслахуудын хамт сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Гадаад харилцааны яаманд болсон урьд урьдын уулзалтаас хамгийн намжуу, зөөлөн уур амьгалд өрнөсөн уулзалтын эхэнд сайд салбарынхаа ойрын болоод хэтийн төлөвийг танилцуулав. Түүний тодорхойлсноор эрчим хүчнийхэн ойрын хэдэн жилдээ байгаа хэдэн станцынхаа хүчин чадлыг сайжруулах замаар дотоодын эх үүсвэрээ нэмэгдүүлэхийн дээр хэд хэдэн газарт шинэ эх үүсвэр барьж байгуулах ажээ. Харин хэтдээ бол хойд, өмнөд хөршдөө цахилгаан нийлүүлэх том зорилго өмнөө тавьжээ. Улсын хэмжээний нийт хэрэглээний 91,4 хувийг дулаан цахилгаан станцууд нийлүүлдэг бол 7,6 хувийг экспортоор авч, үлдсэн хувийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэдэг байна. 2013 оныг салбарын хэмжээнд “Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил” болгон зарлаад байгаа гэнэ. Хэдийгээр тус салбар 56 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, улсын төсвөөс 39,8 тэрбум төгрөгийн татаас авч байгаа ч ард иргэдийн нуруун дээр энэ бүхнийг үүрүүлэхгүйн тулд цахилгаан, дулааны үнийг энэ жилдээ нэмэхгүйгээр шийдсэн. Харин дотооддоо хэмнэлт гаргаж, хэрэглэгчдэдээ боломж олгох үүднээс дээрх уриа дэвшүүлсэн гэнэ. 

Нийслэлийн цахилгаан дулааны хүрэлцээ, хангамж жил ирэх бүр муудаж байгаатай сайд санал нэгдэв. Хотын зүүн бүсэд дулаан нэмж өгөх ямар ч боломжгүй болжээ. Тиймээс тавдугаар цахилгаан станцыг яаравчлан барих шийдвэрийг саяхан Засгийн газраас гаргасан. Туул голын урсгалын дээд талд хотод хэт ойр газар сонгосон, нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрт халдсан гэх мэт олон шүүмжлэл дагуулсан асуултад хариу хүслээ.

Сайд М.Сономпил:

-Нийгэм  тэр чигээрээ хардлага, сэрдлэгээр амьсгалах болсноос энэ мэт яриа гарч ирж буй хэрэг. Тавдугаар цахилгаан станцыг хаана барих талаар олон жил ярилаа. Одоо хийх цаг болсон. Хужирбуланд барья гэтэл хөрсний хагаралтай газар гээд зөвшөөрөөгүй. Налайх, Багануур, Шивээ-Овоо гээд сонгосон газар бүрт шалтаг гарсан. Хамгийн тохиромжтой нь Хөлийн гол гэж үзсэн. Мэдээж байгаль орчны үнэлгээ хийнэ. Ер нь бол цахилгаан дулааныг хослон үйлдвэрлэж, түгээж байж амжилт олно. Тиймээс хэрэглэгчдэдээ ойр байхаас аргагүй гэсэн хариулт өглөө.

Түүнчлэн энэ жил дөрөвдүгээр цахилгаан станцын хүчин чадлыг  100 мВт-аар, гуравдугаар станцыг 50 мВт-аар нэмэгдүүлэх засвар өргөтгөлийг эхлүүлээд байгаа юм байна. Мөн УС-15 нам даралтын зуухыг өргөтгөн Амгалан цахилгаан станц байгуулахаар болжээ. Энэ бүхний дүнд нийслэлчүүд ирэх жилээс эхлэн цахилгаан, дулааны хомсдолгүй аж төрж эхэлнэ хэмээн салбарын сайд, цахилгаан үйлдвэрлэгчид болон түгээгчид амлаж байна.  Хөдөө орон нутгийнхан ч лааг мартаж, өөрсдийн үйлдвэрлэсэн цахилгаан дулаанаар ая тухтай амьдрах цаг ойрхон гэнэ шүү. Баруун, зүүн, төвийн бүсийн эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх шийдвэр хэдийнэ гарсны сацуу эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн улс орнууд цөөнгүй ажээ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж