![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/4/288e45eb2a797045/518bc73ce4d28448original.jpg)
-Нэр бүхий долоон гишүүн УИХ-ын даргад хандан санал ирүүлж, түүнийг нь УИХ-ын дарга Ёс зүйн дэд хороонд шилжүүлсэн. Ёс зүйн дэд хороо нь хууль хяналтын байгууллага биш, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд УИХ-ын гишүүний ашиг сонирхлын зөрчил, Хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв бөглөсөн эсэхэд хяналт тавьж ажиллахаар заагдсан байдаг. Тийм учраас Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар С.Баярцогт гишүүний асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 4.1 дэх заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт хийж байна. 4.1-д УИХ-ын гишүүн ХОМ-ээ хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Энэ дээр алдаа гаргасан байна, ёс зүйн хариуцлага тооцох нөхцөл бүрдсэн байна гэсэн дүгнэлт хийлээ.
-Нэгэнт ёс зүйн алдаа гаргасан гэж үзсэн болохоор ямар хариуцлага тооцох вэ?
-Ёс зүйн дэд хороооны дүрмийн хувьд хариуцлага тооцох дөрвөн хэлбэр бий. Нэгдүгээрт, сануулах. Хоёрт, холбогдох хяналтын байгууллагад асуудлыг тавьж шийдүүлэх. Дэг зөрчсөн бол дэгийн хуулийн дагуу тухайн гишүүнд хариуцлага тооцох санал гаргах. Дөрөвт, тухайн гишүүний асуудлыг УИХ-ын чуулганд оруулж хэлэлцүүлэх гэсэн ийм дөрвөн хариуцлагын хэлбэртэй. Гишүүд асуудлыг олон талаас нь нухацтай хэлэлцээд Авлигатай тэмцэх газарт шаардлагатай мэдээллээ гаргаж өгөөд холбогдох байгууллага өөрийнхөө ажлыг хийж байгаа. Тийм учраас бид давхардуулж шийтгэл хариуцлагын төрлийг ногдуулах шаардлагагүй гэж үзсэн. Мөн Дэгийн хууль зөрчигдсөн зүйл байхгүй учраас дэгийн хуулиар хариуцлага тооцох үндэслэл байхгүй. Ингээд үлдэж байгаа хариуцлагын хоёр хэлбэр нь сануулах бөгөөд хамгийн хүнд хэлбэрийн хариуцлага тооцох хэлбэр бол тухайн гишүүний асуудлыг чуулганд оруулж шийдвэр гаргуулах гэсэн хэлбэр байгаа. Тийм учраас энэ асуудлыг УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэж, УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох асуудлыг шийдэх ёстой гэж үзлээ.
-УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй холбоотой гомдол танай дэд хороонд ирсэн гэж дуулдсан. Энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэж магадгүй гэж байсан ч орсонгүй?
-З.Баянсэлэнгэ гишүүнтэй холбоотой гомдол дэд хороонд ирсэн. Гэхдээ асуудлыг судалж үзээд зарим зүйлийг тодруулах шаардлагатай байна гэж үзээд хойшлуулсан байгаа.