Төрөөс хохирлоо нэхэмжилнэ гэв

Хуучирсан мэдээ: 2013.04.23-нд нийтлэгдсэн

Төрөөс хохирлоо нэхэмжилнэ гэв

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шард Б.Эрдэнэчимэг захиралтай “Тэмүүлэнбаатар” компани хууль бусаар орон сууц барьж, иргэдээс захиалга авсан байдаг. Улсын комисс хүлээн аваагүй, хууль зөрчиж өөрөөр хэлбэл, зөвшөөрөгдсөн хэмжээнээс гурав дахин илүү газарт барилга барьсан тул нийслэлийн Засаг даргын захирамжаар тус газрын гэрчилгээг хүчингүй болгосон юм. Тиймээс тус орон сууцанд захиалга өгсөн иргэд өнөөдөр мэдээлэл хийж, төр засгаас хохирлоо нэхэмжилнэ гэдгээ илэрхийллээ.

“Тэмүүлэнбаатар” компанийн орон сууцанд захиалгаа өгч, хохирсон гэх иргэд “Өнөөдрийн байдлаар тус байранд захиалга өгсөн иргэдийн 16 нь банкны зээлээр, 12 нь хашаа байшингаа зарж, 19 нь гадаад улсад ажиллаж олсон мөнгөөрөө, 16 нь цалингийн зээлээр, тав нь хувь хүнээс мөнгө зээлж, хоёр хүн эцэг эхийн тусламжаар, долоон хүн өөрийн бий болгосон хуримтлалын мөнгөөр байрны урьдчилгаа төлбөр болон бүтэн төлбөрөө хийсэн. Орон сууцны газар эзэмших тусгай зөвшөөрлийг хотын дарга Э.Бат-Үүл өнгөрсөн 2012 оны аравдугаар сарын 5-нд А/601 захирамжаар хүчингүй болгож, иргэдийн мөнгөөр босгосон орон сууцны карказыг албадан буулгах шийдвэр гаргасан юм. Энэ талаар “Тэмүүлэнбаатар” компанийн захирал Б.Эрдэнэчимэгт хандахад “Та нарын мөнгөөр барилгын караказыг барьсан, зөвшөөрлийг цуцалсан Э.Бат-Үүл даргаас мөнгөө ав” гэдэг. Тухайн үед Э.Бат-Үүл дарга иргэдийн хохирлыг бүрэн дүүрэн барагдуулна гэж амласан. Гэтэл өнөөдрийг хүртэл бидний гомдлыг барагдуулаагүй тул бид хохирлоо НЗДТГ, төр засгаас нэхэмжлэх болно. Учир нь нийслэлийн газрын албаныхан хууль бусаар барилга барьсан “Тэмүүлэнбаатар” компанийн орон сууц зургаан давхар болтол сүндэрлэж, иргэдийг захиалга өгөхөөс өмнө хууль бус үйлдлийг нь таслан зогсоох ёстой байсан” гэж мэдэгдлээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж