1,5 тэрбум ам.доллараар алт аваагүй

Хуучирсан мэдээ: 2013.04.23-нд нийтлэгдсэн

1,5 тэрбум ам.доллараар алт аваагүй

С.Болд: Хариуцлагатай мэдэгдье, 1.5 ТЭРБУМ ДОЛЛАРААР АЛТ АВААГҮЙ

Монголбанкны ерөнхий эдийн засагч С.БОЛДТОЙ ярилцлаа.

-“Чингис” бондын менеж­ментийг Монголбанк хийж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү. 1.5 тэрбум долла­рыг бүхэлд нь хариуцаж байгаа юу?

-Засгийн газар Төвбанктай Сан­хүүгийн зуучлалын гэрээ байгуулсны дагуу “Чингис” бондын ме­нежментийг хийж байгаа. Өөрөөр хэлбэл, 1.5 тэрбум ам.доллартай тэн­цэх хэмжээний Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн валютын эх үүсвэрийг Монголбанк гадаад зах зээл дээр удирдаж байгаа юм. Ин­гэхдээ гадаад зах зээл дээр удирдах хөрөнгө оруулалтын багцын бүтцийг Монголбанкны ерөнхий­лөгчийн тушаалаар баталсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр яг л гадаад валютын бусад нөөцөө яаж удирддаг, тэр зарчмын дагуу хамгийн найдвартай, хөрвөх чадвар өндөртэй активуудад байршуулан удирдаж байна.

-Дотоодын арилжааны банкуу­дад хүүтэй байршуул­сан юм биш үү. Та болохоор бүхэлд нь гадаад зах зээлд байршуул­сан гэлээ?

-Санхүүгийн зуучлалын гэрээний хүрээнд дотоодын зах зээл дээр төгрөгийн нийлүүлэлтийг Монголбанк хийж байгаа юм. Тодруулбал, он гарс­наас хойш 850 тэрбум төгрөгийг харь­цангуй урт хугацаатай, бага хүү­тэйгээр арилжааны банкуудад хад­галамж хэлбэрээр байршуулсан. Энэ нь өөрөө 1.5 тэрбум ам.долларыг гадаад эх үүсвэрт удирдахын хажуу­гаар тэр эх үүсвэрээр баталгаажсан төгрө­гийн нийлүүлэлт хийсэн гэсэн үг. Зээл өсдөг улирлыг угтаж ний­лүүлж буй мөнгө юм л даа. Түүнээс биш 1.5 тэрбум ам.дол­ларын эх үүсвэрийг шууд төгрөг рүү хөрвүүлээд дотоодын эдийн засаг руу гаргаж байгаа гэж ойлгож болохгүй. Энгийнээр хэлбэл, 1.5 тэрбум ам.доллар бүтнээрээ гадаад зах зээл дээр байгаа. Харин энэ мөн­гөөр баталгаажсан төгрөгийн нийлүү­лэлтийг Төв­банкнаас дотоодын арил­жааны банкуудад хийсэн юм. Тэгж л эдийн засгийн бодит сектороо дэмжиж байгаа гэж ойлгож болно.

-Гадаад зах зээл дээр 1.5 тэрбум ам.доллар яг ямар хэлбэрээр байршиж байгаа вэ?

-Хамгийн найдвартай гэж үзэж болох активуудад байршиж бай­гаа. Засгийн газруудын үнэт цаас, урт хуга­цаатай бондууд, хөрвөх чадвар өн­дөртэй үнэт цаасуудад байршиж байгаа. Яг ямар активт байршуулах вэ гэдэг нь өөрөө Монголбанкны ерөн­хийлөгчийн тушаалаар батлагддаг зүйл. Энэ­хүү багцыг ч ерөнхийлөгчийн ба­талсан тушаалаар удирдаад явж байгаа. Гэхдээ үүн дээр өгөөж олж, ашиг хөөх зорилгогүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл, эх үүсвэр өөрөө хамгийн найдвар­тай, эрсдэлгүй газарт байршиж байх ёстой юм. Хоёрт, ингэж найд­вартай, эрсдэлгүй газар байрши­хын сацуу ашиглах болоход бэлэн байх шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл, 1.5 тэрбум ам.долла­рын бондын эх үүсвэрээс дотоодод зарцуулалт хийх гээд авах тохиол­долд тэр нь өөрөө төлбөр түргэн гүйцэтгэх чадвар өндөртэй байх ёстой юм. Ийм л активуудад Төв­банк 1.5 тэрбум ам.дол­ларын эх үүсвэрийг байр­шуулсан. Гэхдээ мэдээж тодорхой хэмжээний ашиг, өгөөжтэй л дөө.  

-Тэр өгөөж нь “Чингис” бон­дыг босгосон 4.25, 5.25 ху­вийн хүүг төлөхөд хүрэх үү. Хүүгийн эрсдэлийг бүрэн дааж чадаж байгаа юу?

-Ер нь бол Санхүүгийн зуучла­лын гэрээний хүрээнд гадаадад төлөх хүүгийн төлбөрийг Монгол­банк хариуцах ёстой. Ингэхээр энэ нь өөрөө төсөвт ямар ч дарамт үзүү­лэхгүй гэсэн үг. Гэрээнд заас­ны дагуу тухайн эх үүсвэрийг Монголбанк удирдаад, хагас жил тутамд хүүгийн төлбөр төлөх үүргийг 100 хувь ха­риуцаж байгаа. Өөрөөр хэлбэл, хүү­гийн талаар төсөвт аливаа нэг дарамт үзүүлэх­гүй. Хоёрт, дотоодод удирд­сан, гадаад зах зээл дээр удирдаад олж байгаа өгөөж нь нийлээд үндсэн­дээ “Чингис” бондын хүүг нөхөх, төлөх бү­рэн бололцоотой гэж Төвбанк үзэж байгаа.

-Гадаад зах зээл гэдгээ тод­руулж болох уу. Яг ямар акти­вуудад байршуулсан юм бэ. Хүүг нь тодруулж хэлж бо­лох уу?

-Ямар хэмжээний хүүтэй, хаана ямар активт байршуулав, аль улсад вэ ч гэдэг юм уу олон асуулт байгаа л байх. Гэхдээ энэ бүхэн нууцын зэрэг­лэлтэй мэдээ­лэл. Тэгэхээр нийтэд ил тод хэлэх боломж алга. Энэ бол Нууцын тухай хуулийн дагуу төрийн байгууллагууд хоорондоо солил­цоод үзэж л болох зүйл.

-Ингээд нууц гээд байгаа нь хардлага дагуулж байгаа юм биш үү. УИХ дахь МАН-ын бүлгээс “Чингис” бондын мөн­­гөөр Монголбанк алт худалдаж авсан байх магад­лалтайг хэлсэн. Гэтэл алтны ханш дэлхийн зах зээл дээр унасаар байгаа.

-Монгол Улсын гадаад валю­тын нөөц гэдэг үзүүлэлт дотор алт орох нь  ордог. Гэхдээ алтанд бол хөрөнгө оруулалт хийгээгүй.  Ал­тыг ямар эх үүсвэрээс бүрдүүл­дэг гэхээр Монгол Улс өөрөө алт олборлогч. Тиймээс дотоодод үйлд­вэрлэгдсэн бохир алтыг Мон­голбанк төгрөгөөр худалдаж аваад гадаадад цэвэршүүлэн улсын валютын нөөцөө нэмдэг. Өөрөөр хэл­бэл, төгрөгөөр л дотоодоосоо худал­даж авсан алт. Түүнээс биш Монгол­банк арилжааны зорил­гоор гадаад зах зээл дээрээс алт угаасаа худалдаж авдаггүй. Тэгэ­хээр 1.5 тэрбум ам.дол­ларын эх үүсвэрийг алт болгож хувир­гаад, тэгээд алтны үнийн уналтаас болж алдагдал хийчихлээ гэдэг яриа бол үндэслэлгүй. Дахин хэлэхэд, Мон­голбанкны удирдаж байгаа улсын валютын нөөцийн бүтцэд байгаа алт нь дотоодын зах зээлээс төг­рөгөөр худалдаж авсан алт. Ашиг олох зорил­гоор арилжаа хийж олон улсын зах зээл дээрээс алт  худалдаж аваагүй гэдгийг хариуц­лагатай мэдэгдье.

-Гэхдээ Монгол Улсын алтны нөөц асар ихээр нэмэгдлээ гэж “Блүүмбэрг” мэдээлсэн шүү дээ?

-Монголд олборлосон алтыг гадаадад цэвэршүүлээд нөгөөдөх нь валютын нөөцөд ордог. Энэ хэмжээ нь өөрөө бас тодорхой хязгаартай. Жил болгон Монгол­банкны ерөнхий­лөгч тухайн жилд баримтлах валютын нөөцийг удир­дах хөрөнгө оруулалтын багцыг зөвшөөрөгдөх хэлбэлзэлтэй нь баталж өгдөг. Яахав, нийт нөөцийн хэмжээ өсөхийн хэрээр Монгол­банкны зүгээс ноднин худалдаж авсан алтны хэмжээ жаахан нэ­мэгдсэн. Тэрэнтэй уялдаад нөөцөд байгаа алтны хэмжээ өмнөх бага үетэйгээ харьцуулахад өсөлттэй гарсан юм. Тэрийг л “Монгол­банкны валютын нөөц дэх алтны хэмжээ өссөн байна. Өмнөх жи­лүүд­тэй харьцуулахад өсөлт­тэй байна” гэж “Блүүмбэрг” мэ­дээлсэн байгаа юм. Тэр бол үндсэн­дээ та­ван тонн алтны тухай л ярьж байгаа юм шүү дээ.

-1.5 тэрбум ам.доллараар баталгаажуулаад 850 тэр­бум төгрөг дотоод зах зээлд гаргаад байгааг та хэлсэн. Энэ мөнгө ямар зориулал­таар зарцуулаг­даж байгаа, ямар хүүтэйг хэлж болох уу?

-Жилийн долоон хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар Төв­банк­наас арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуул­сан. Тэгэхээр жилийн дараа до­лоон хувийн хүүтэй­гээр Монгол­банкинд буцааж төлнө. Ингэж байршуулж буй гол зорилго бол манай гадаад секторын нөхцөл байдал тийм ч таатай бус байна. Мөнгө, зээлийн үзүүлэлтүүд 2012 оны дө­рөвдүгээр улирлаас саа­раад эхэлсэн. Үүнийг та бүхэн мэдэж байгаа байх. Тиймээс энэ мөчлөгийн эсрэг Төвбанкнаас авч хэрэгжүүлсэн арга хэрэгслийн нэг нь тэр юм.

Өөрөөр хэлбэл, эдийн засгийн идэвхжлийг дэмжих шаардлага үүссэн. Нэг талаас инфляц буурч, нөгөө талаас бодит эдийн засгийн секторыг дэмжих бололцоо гарч ирж байна. Тэр зорилгоор Төв банкнаас гаргаж байгаа шийдвэ­рүүд бол ер нь мөнгө зээлийн өсөлтийг тогт­воржуулах, сэргээх, гадаадаас орж ирж байгаа валю­тын дутагдлыг дотоод эх үүсвэрээс нөхөх юм. Ингэхдээ мэдээж цаанаа валютаар баталгаажиж байгаа төгрө­гийн нийлүүлэлтийг л хийсэн. Товч­хондоо бол эдийн засгийн багтаамж­тай уялдуулж бодит эдийн засгаа дэмжиж байгаа хэлбэр юм.

-Дотоодын 850 тэрбум төгрөг 12 сарын хугацаатай. Гэтэл энэ мөнгө нь өөрөө 1.5 тэрбумаар баталгаажиж бай­гаа болохоор Засгийн газар “Чингис” бондын хөрөнгөө ашиглана гэвэл яах вэ. Жишээ нь, тавдугаар сард Засгийн газар төслүүдээ сан­­хүүжүүлнэ гэвэл 1.5 тэр­бум ам.долларыг нь шууд гаргаад өгөх боломж бий юү?

-Мөнгө нь бэлэн байна. 1.5 тэрбум чинь гадаадад байгаа. Найдвартай эх үүсвэрт байгаа шүү дээ. Засгийн газар тэр мөнгөө то­дорхой төсөл хөтөлбөрүүдэд оруул­на гээд бэлэн болчихсон гэ­вэл гэрээнд заасны дагуу Төв­банкинд урьдчилж мэдэг­дэнэ. Тэгээд л 1.5 тэрбум ам.долла­раасаа аваад төслийн санхүү­жилт, хөрөнгө оруулалт хийгээд явах бо­лолцоотой. Яагаад гэвэл, тэр эх үүсвэр нь өөрөө хамгийн найдвартай акти­вуудад байршсан байгаа.  Харин тэр дотоодод байр­шуулж байгаа чинь нэмэлт эх үүс­вэр. 1.5 тэрбумаас гад­на Төвбанк­наас түрүүнд хэлсэн зо­рилгоор л гаргасан мөнгө. Үүнийг хольж бо­лохгүй. Ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

Ярилцсан Ц.ГАНГЭРЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж