Уг киноны зохиолыг бичсэн “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин А.Төгсбаяр буюу Төгсөөтэй уулзлаа.
-“Эрэмдэг” дэлгэцийн шинэ бүтээл үзэгчдийн хүртээл боллоо. Чухам яагаад заавал энэ зохиолыг сонгож, кино хийх болов?
-Уран бүтээлчид байнга л эрэл хайгуул хийж явдаг улс. Тэгж яваад Оросын шилдэг өгүүллэгүүдийн эмхэтгэлээс “Эрэмдэг амьтан” нэртэй богино хэмжээний өгүүллэг уншиж байхад залуучуудын тухай бичсэн нь их сонирхол татсан. Улс орон хөгжихийн хэрээр залуучуудын сэтгэлгээ хөгжиж байгаа ч зарим юмыг анзаарахгүй өнгөрөх, анзаарсан ч тоохгүй байх нийгмийн жижиглэн хаясан эрэмдэг, бохир зүйл энд тэндгүй л байна. Тэр нь хааяа гэнэт гарч ирэн хэвлэл, зурагт, сайтаар тэгж гэнэ гээд мэдээлэх жишээний. Өнөөдөр залуучуудад очиж зугаацаад цэнгэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлчих газар алга. Энэ талаар ч бид кинондоо орууллаа. Яг өнөөдрийн нийгэмд хайр дурлал ямар болсон юм бэ, түүний үнэ цэнэ, юу гэж ойлгодог болсоныг ч харуулахыг хичээлээ. Мөн нийгмийн эрэмдэг нэг том хэлбэр бол залуу охидыг биеийг нь үнэлүүлэх, хүчирхийлэх, залуучуудын хоорондын харилцааны доголдол гэх мэтчилэн олон жижиг эрэмдэг болоод хаягдчихсан зүйлүүдийг кино зохиол дээрээ, дүрүүд, драматур дундаа шингээснээрээ онцлог болов уу.
-Кино зохиолоо хэрхэн бичив. Зураг авалт хэдий үргэлжилсэн бэ?
-Энэ зохиол маань кино бүтээл болох гэж нэлээд удсан. Жил гаруй бичиж, засвар их хийсэн л дээ. Манай “Imagination film”-ийн зохиолыг буцаагаад кино зохиол гэхэд тааруухан байна, өшөө сайн шүүсийг нь шах гээд нэлээд ажилласан. Зураг авалтын хувьд хагас жил үргэлжиллээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 300 гаруй пробт оролцсоноос 30 хүүхэд сонгож, жүжиглэх урлагийн наад захын зүйлийг заах, хэл яриаг нь засахын тулд СУИС-ийн мэргэжлийн тэнхимийн эрхлэгч хүртэл ажилласан. Зураг авалт маань өнгөрсөн орны арванхоёрдугаар сарын дундаас эхлэн өнгөрсөн гуравдугаар сард дууссан.
-Дүрийн сонголтынхоо талаар сонирхуулахгүй юу. Залуустай ажиллах амаргүй байсан байх даа?
-Урлагийн сургуулиудаар явж проб аван гол дүрийн хүүхдүүдээ сонгосон. Мэргэжлийн бус хүүхдүүдийг болон СУИС-ийн нэгээс хоёрдугаар дамжааний оюутнууд тоглосон. Тэдэнтэй сар гаруй хугацаанд бэлтгэл хийсэн. Нухацтай зааж өгч, байнга ширээний уншлага хийлгэн нарийвчлан заасан. Хэдийгээр амаргүй байсан ч залуус олуулаа байх энерги өндөртэй юм билээ. Маш дэггүй, хүсэл тэмшүүлэл дүүрэн байдаг тэдэнтэй хамтран ажиллахад ажил маань эрчтэй явсан. Мөн мэргэжлийн бус хүүхдүүд буюу СУИС-д суралцаж байгаа хүүхдүүддээ дэм болох үүднээс мэргэжлийн уран бүтээлчдийг оролцууллаа. Гавьяат жүжигчин Цэнд-Аюуш, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Золбоот, Б.Эрдэнэцэцэг, Б.Болормаа, Б.Навчаа, Р.Баттогтох гэх мэтчилэн мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан байгаа. Манай зургийн дарга болон багийнхан сайн жүжигчдийг сонгон өөр өөр өнцгөөр тоглуулсан байгаа. Зураг авалтын хувьд өвлийн хахир хүйтний үед жаахан бэрхшээлтэй байсан. Энэ өдөр, цаг, минут мөч бүхэн уран бүтээлч бидний хувьд хамгийн гоё сайхан өдрөөр гэрэлтэж байдаг. Хамгийн гол нь сайн, муу болсныг үзэгчид шүүх учраас бүтээлээ өлгийдөн авсандаа баяртай байна.
-Киноны дууг Зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа дуулсан байсан. Өөр дуу байгаа юу?
-Кино маань хоёр дуутай. “Хавар, намар” дууг Гавьяат жүжигчин Б.Сарантуяа эгч дуулсан. Залуусын хайр сэтгэл учралыг хоёр улирлаар төсөөлөөд хайр, учрал нь зүрх сэтгэлээ мэдрэхээр зун шиг дэлгэрдэг, харин хэн нэг нь байхгүй бол намар шиг ганцаардан даардаг гэсэн ийм утгыг агуулсан дууг кинондоо зориулан гаргасан. Нөгөө дууг нь манай “Imagination film”-ийн дэргэд байгуулагдсан “Maaz” гээд хамтлаг дуулсан. Тэд өмнө нь “Би дурламаар байна” гэдэг дуу гаргасан. Энэ удаад “Сругууль минь баяртай” гэдэг дууг киноны дуу болгон цацлаа.
-“Сайн уу, амьдрал минь” кинонд өөрийн тань зохиосон “Сургууль минь баяртай” гэдэг дуутай шүү дээ. Яагаад дахиад ийм дуу зохиосон юм бэ?
-Яагаад ийм дуу зохиосон бэ гэхээр би өмнө нь “Сайн уу, амьдрал” кинонд хаврын хэсгийн зохиолыг би бичиж, найруулж байсан юм. Түүндээ гурав дахь хэсэгт нь “Сургууль минь баяртай” гэж оюутны сайхан дуу гаргаж байсан. Энэ удаа мөн өсвөр насны залуучууддаа зориулж, төгсөлтийн сайхан дуутай болгож өгье гэсэн хүслээр “Сругууль минь баяртай” дуугаа хийсэн.
-Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?
-Манай кино уран бүтээлчдийн хувьд сериалууд их хөгжих төлөвтэй болж эхэлж байх шиг байна. Яагаад гэвэл гадаад уран бүтээл, кино, контентуудыг албан ёсоор аваагүй л бол цацахгүй болж байгаа учраас үзэгчдэд зориулсан телевизийн уралгийн хандлага маань сериалуудыг хийх төлөвтэй байх шиг байна. Тийм болохоор бидэнтэй хамтарч ажиллая гэсэн телевизүүд саналаа тавьж байна. Удахгүй багаараа сериал руу орох байх. Мөн намраас инээдмийн төрлийн шинэ кино хийх санаатай байгаа. Хэдийгээр уран бүтээлийн төлөвлөгөө гаргасан ч нийгмийн байдлаас болоод өөрчлөгдөж байна. Бидэнд санал нь таалагдвал хамтран ажиллах уран бүтээл рүү орох бололцоотой байгаа юм л даа.
-Ирэх тавдугаар сард Монголын үндэсний кино урлагийн академийн дээд шагнал “Academy Awards” кино наадам болох гэж байна. Шинэ бүтээлээ наадамд сойх уу?
-Одоогоор дөнгөж нээлтээ хийж байгаа учраас энэ талаар ярилцаж байгаа. Сойх бодолтой байгаа шүү.