ММСУХ-ны удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2013.04.23-нд нийтлэгдсэн

ММСУХ-ны удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

ММСУХ-ны удирдах ажилтны III зөвлөгөөн өчигдөр Улаанбаатар зочид буудлын
“Хөх асар" танхимд боллоо. Өглөөний 9 цагт эхэлсэн уг зөвлөгөөнд
Баян-Өлгий аймгаас бусад 20 аймаг болон Гачуурт дүүргийн “Гачууртын
хурд”, Багануур дүүргийн “Багануур бага Хэнтий бүсийн” уяачдын холбооны
төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байсан юм. Зөвлөгөөнийг ММСУХ-ны Ерөнхийлөгч,
УИХ-ын гишүүн М.Энхболд нээж үг хэлсэн бөгөөд Дорнод аймгийн МСУХ-ны
тэргүүн Х.Болорчулуун, Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны тэргүүн
Ц.Даваасүрэн, Ховд аймгийн “Алтайн унага” МСУХ-ны тэргүүн Д.Батцогт
нарын УИХ-ын гишүүд хүрэлцэн ирсэн байлаа. Ерөнхийлөгчийн мэндчилгээний
дараа ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн  “холбооны
бодлого, үйл ажиллагааны талаар болон зөвшөөрөлтэй уралдааны зохион
байгуулалт, хурдан морины эрсдэлийн үнэлгээ, салбар холбоодын эрх
үүрэг”, ММСУХ-ны зөвлөх А.Баярмагнай “Монгол уяачийн ёс зүйн дүрэм”,
зөвлөх инженер Ж.Баттөгс “Унаач хүүхдийн хамгаалалтын хувцас”, ажлын
албаны дарга Я.Болдбаатар “Хэвлэл мэдээллийн байгууллага, ТВ-ийн хамтын
ажиллагаа”, Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал,
үйлчилгээний газрын дарга Б. Жавзанхүү “Хурдан морь унаач хүүхдийн
аюулгүй байдлыг хангах” зэрэг сэдвүүдээр тус тус илтгэл тавьж, түүнтэй
холбогдуулан төлөөлөгчдийн санал хүсэлтийг сонссон юм. Мөн зөвлөгөөний
үеэр Мал Эмнэлгийн Хүрээлэнгийн Вирус Судлалын Лабораторийн эрхлэгч
Р.Одбилэг “Адуунд түгээмэл тохиолдох халдварт өвчнүүд”, Ерөнхий эмч,
доктор С.Сугар “Адууны худалдаа арилжаанд тохиолдох эрсдэл бүхий
халдварт өвчин”, “Ветнет” ТТБ-ын тэргүүн, малын эмч Л.Цэрэндорж “Адууны
халдварт өвчин” сэдвээр зөвлөгөө өгсөн нь танин мэдэхүйн ач холбогдолтой
байлаа.

Баяр наадмын тухай хуулийг тойрсон санал санаачлагууд

Удирдах
ажилтны III зөвлөгөөний хамгийн халуун сэдвүүдийн нэг бол  Үндэсний
баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнтэй холбоотой
асуудлууд байлаа. Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж
буйтай холбогдуулан тус хуулийн зарим нэг зүйл заалтууд дээр тогтож
ярилцсан юм. Жишээлбэл тус хуулийн 8.3-т заасан “Үндэсний их баяр
наадмын хурдан морины уралдаанд Монгол /75 буюу түүнээс дээш хувийн
Монгол цустай гэдэг нь мэргэжлийн байгууллагаар тодорхойлогдсон/ морьд
уралдана гэсний “75 буюу түүнээс дээш хувийн Монгол цустай гэдэг нь
мэргэжлийн байгууллагаар тодорхойлогдсон” гэсэн заалтыг хасах гэдэг дээр
зөвлөгөөний төлөөлөгчид санал нэгдэнэ билээ. Энэхүү заалтанд тусгасан
заалтыг хэрэгжүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх боломжгүй хэмээн
төлөөлөгчид үзжээ. Түүнчлэн тус хуулийн 14.3-т заасан “төрийн захиргааны
төв байгууллага нь улсын баяр наадамд уралдахаар бүртгүүлсэн морьдоос
цусны шинжилгээ авч тухайн морь 75 буюу түүнээс дээш хувийн Монгол
цустай эсэх талаар дүгнэлт гаргаж, хариуг зохион байгуулах хороонд
илгээнэ” гэснийг хэрэгжих боломжгүй хэмээн үзсэн байна. Өөрөөр хэлбэл
уралдахаар бүртгүүлсэн морьдоос нэг бүрчлэн шинжилгээ авах боломжгүй
харин түрүүлж айрагдсан морьдоос авч болох юм гэсэн саналыг дэвшүүлж
байсан юм.

Хурдан унаач хүүхдийн насны ангилалтай холбоотой асуудлаар
нэлээд зөвлөлдсөний эцэст даага, шүдлэн, хязаалан насны морьдыг долоо
буюу түүнээс дээш настай хүүхдээр, харин азарга, их морь, соёолон насны
морьдыг ес буюу түүнээс дээш насны хүүхдээр унуулах санал оруулахаар
болсон юм. Түүнчлэн хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах
тухайд уяач, морины эзэн, эцэг эхчүүд харилцан адил хариуцлага
хүлээхээр тусгах хэрэгтэй гэдэг саналыг нэг бус төлөөлөгч дэвшүүлж
байсан.  

Хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой өөр нэгэн
асуудал бол уяачдад алдар цол олгох тухай шинэ заалт юм. Шинэчилсэн
найруулгад улсын цол олгохдоо баяр наадам болон шилмэл морьдын уралдааны
амжилтыг тооцохоор тусгасан нь багагүй маргаан дэгдээлээ. Улсын баяр
наадамд тэр бүр оролцож чаддаггүй хөдөөгийн уяачдын хөдөлмөрийг үнэлж,
улсын цол хэргэмд тооцуулах зорилготой бүсийн уралдааныг хассан нь
тэдний хөдөлмөрийг үнэгүйдүүлж буй хэрэг хэмээн үзэж буйгаа оролцогчид
нуусангүй. Мөн шинээр бий болж буй Дархан тод манлай уяач цолны болзлын
12 түрүү эсвэл 24 айраг гэснийг өндөрсгөж 40 түрүү, эвсэл 80 айраг
байхаар санал орууллаа. Түүнчлэн улсын цол олгохдоо нийт амжилтын 50
буюу түүнээс дээш хувь нь дээд гурван нас байна гэсэн заалтыг азарга, их
нас болгон өөрчлөх санал гарсан юм.

Алдар цол тойрсон адармаат
асуудлуудын нэг нь аймгийн Манлай уяач цолыг шинээр бий болгох тухай
байлаа. Аймгийн Алдарт уяач цолны болзол биелж орон нутагтаа ханасан
цолтой уяачдын хөдөлмөрийг үнэлүүлэх зорилгоор аймаг болон аймгийн
бүсийн наадмаас 12 түрүү эсвэл 24 айраг хүртсэн уяачдад дээрх цолыг
олгож байх саналыг дэвшүүлэн оролцогчдын 100 хувийн дэмжлэгийг хүлээсэн
юм. Хэрвээ энэ заалт хуулинд суувал тун удахгүй аймгийн Манлай уяач
хэмээх шинэхэн цолтнууд бий болох нь. 
Хуулийн шинэчилсэн найруулга
тойрсон өөр нэг асуудал бол уралдаан зохион байгуулах хугацаа байлаа.
5-р сарын 1-нээс 11 сар хүртэл хугацаанд уралдаануудыг зохион байгуулж
байх тухай саналыг төлөөлөгчид оруулна билээ.

Гиннесийн хос амжилтыг эвдэх Дэлхийн адууны баяр

Зөвлөгөөнөөр
хэлэлцсэн дараагийн асуудал бол Дэлхийн адууны баяр, Монгол улсад
адууны яам байгуулагдсаны 750  жилийн ой, 3000 морь уралдуулж Гиннесийн
номонд бүртгүүлэх уралдааны зохион байгуулалт байсан.  Дэлхийн Гиннесийн
амжилтын хорооноос албан ёсны зөвшөөрлөө авсан ММСУХ-ны удирдлагууд эл
арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч буй бөгөөд  салбар уяачдын
холбоодоо идэвхтэй оролцохыг уриаллаа.  8 сарын 17, 18-ны өдрүүдэд болох
уг үйл ажиллагаатай холбогдуулан салбар уяачдын холбоод 3000 морины
уралдаанд оролцох морьдынхоо зургийг 7-р сард багтаан төв холбооноос
өгсөн стандартын дагуу мэргэжлийн зурагчнаар авахуулан илгээхээр болсон
юм. Дэлхийн адууны баярын үеэр зохион байгуулагдах өөр нэгэн арга
хэмжээний “нууц” зөвлөгөөний үеэр задарсан бөгөөд үндэсний дээл
хувцсаараа гангарсан 10,000 морьтон жагсаж, Геннисийн номонд бичүүлэхээр
болсон байна. Өөрөөр хэлбэл Монгол улс нэг дор хоёр амжилтаар Геннисийн
номонд бичүүлэх боломж бүрдэж байгаа аж. Дашрамд сонирхуулахад 2006 онд
Колумб улсад цэцгийн баяраар 8233 морьтон жагсаж Геннисийн амжилтанд
бүртгүүлж байсан бөгөөд үүнийг нь морьтон монголчууд эвдэхээр зэхэж буй
юм байна.

Шилдгүүд Хонконгоос туршлага судална

Хугацаа
хэтэрсэн зөвлөгөөний дараагийн арга хэмжээ бол ажил үйлсээрээ
манлайлагчдыг шагнаж урамшуулах үйл ажиллагаа байлаа. Өнгөрсөн 2012 онд
ажил үйлсээрээ бусдыгаа хошуучилсан Сэлэнгэ, Сүхбаатар Дорнод аймгийн
МСУХ-ны удирдлагуудыг 5-р сард Хонконгт болох сонгодог морин уралдааныг
үзэн туршлага судлах эрхийн бичгээр шагнасан юм. Мөн “Багануур бага
Хэнтий бүсийн уяачдын холбоо”-ны тэргүүн Ц.Элбэгсайханыг Спортын алдар
одонгоор шагнахаар шийдвэрлэснийг дуулгалаа.

А.ТЭЛМЭН
Эх сурвалж: www.TODMAGNAI.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж