-Тавантолгойн тендерийн асуудалд таны нэр холбогдоод байгаа. Энэ талаар тайлбар өгөөч?
-Би ажил үүргийнхээ хуваарийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” компанийн дотоод үйл ажиллагаанд оролцох ямар ч эрх байхгүй. Гэтэл сүүлийн үед намайг Тавантолгойн тендертэй холбоотой мэтээр гүтгэх боллоо. Үүнийг би ор үндэсгүй гүтгэлэг гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
-“Эрдэнэс Тавантолгой” компани, Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн хүн тендерийн шалгаруулалтад оролцох, шийдвэр гаргах боломж байдаг уу?
-Компанийн тухай хууль, “Эрдэнэс Тавантолгой” компанийн дүрэм гэж бий. Эдгээр хууль болон дүрмээр Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг оролцох эрхийг нь хязгаарлачихсан шүү дээ.
-Нөлөөлөх боломж байдаг уу гэдэг талаас хардаж байна?
-Хууль эрх зүйн хувьд тийм зүйл байхгүй. Яагаад хардаад байгааг нь ойлгохгүй байна. Миний хувьд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт шалгалт, дотоод аудитын газрыг хариуцан ажилладаг. Ажил авснаас хойш 300 ортой төрөх эмнэлгийн асуудал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын асуудал, Иргэний нисэхийн ерөнхий газар, Татвар, Гааль, Ашигт малтмалын газруудад хийсэн хяналт шалгалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хариуцан хийсэн. Зохих хэргүүд нь илрээд, холбогдох хүмүүс нь хариуцлагаа хүлээсэн байгаа. Миний хувьд эдгээр шалгалттай холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газар руу чиглэсэн зохион байгуулалттай гүтгэлэг гэж хүлээж авч байна.
-Энэ тухай Ж.Энхбаяр гишүүн ярьсан. Гүтгүүлсэн юм бол ямар нэг алхам хийх үү?
-Би албан ёсоор хэлж байгаа. Тийм зүйл байхгүй. Би төрийн албан хаагчийн хувиар надтай холбоотой хууль зөрчсөн ямар ч үйлдэл байхгүйг хэлж байна.
-Хамаатан садны, гэр бүлийн харилцаа байхгүй юм уу?
-Гүтгэлэгийн шинжтэй зүйл л яваад байна. Дахин хэлэхэд тийм зүйл байхгүй.