Хуулиа өөрчилсөн ч хөрөнгө оруулалт өөрчлөгдөхгүй

Хуучирсан мэдээ: 2013.04.23-нд нийтлэгдсэн

Хуулиа өөрчилсөн ч хөрөнгө оруулалт өөрчлөгдөхгүй

Гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн оны тавдугаар сараас он дуусах хугацаанд 800 сая ам.доллараар буурсан /өмнөх онтой харьцуулбал/ бол шинэ он гарсаар 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт эргэн татагдсан гэх тоог холбогдох эх сурвалжууд хэлж байна.

Яагаад гэдгийн шалтгааныг Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг өнгөрсөн оны мөн үед УИХ-аас баталж, баталсан өдрөөсөө мөрдөж эхэлсэнтэй холбон тайлбарласан. “Тайлбарласан” гэж өнгөрсөн цаг дээр хэлэхийн учир нь гэвэл ингэж тайлбарласаар байгаад дээрх хуульд өөрчлөлт орууллаа. Одоо дээрх хуулиас болж гадаадын хөрөнгө оруулалт хумигдах ёсгүй болж таарлаа.

Энэ удаад Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулийн нэг л заалтыг өөрчилж, өөрчлөхдөө 100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулах тохиолдолд гэдэг хэсгийг хассан байна.

Дээрх хуульд банк санхүү, хэвлэл мэдээлэл, уул уурхайн салбарт 100 тэрбум төгрөгөөс дээш хэмжээтэй хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын хуулийн этгээдэд босго тавьж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь УИХ-аар хэлэлцэж байхаар тусгаад байсан юм. Хөрөнгө оруулагч гадаадын тал нь хувийн компани, эсвэл төрийн өмчит компани байхаас үл хамаараад дээрх босгыг заавал давах ёстой байв. Харин энэ удаад хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “хөрөнгө оруулалтын хэмжээ100 тэрбум төгрөгөөс дээш тохиолдолд” гэдэг босгыг авч хаясан. Бас хөрөнгө оруулагч нь тухайн улсын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой тохиолдолд тодорхой зохицуулалт үйлчлэхээр болж байна. Бүр тодруулбал, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хөрөнгө оруулагчийн эзэмших хувь 49 хувиас илүү гарах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ-аар хэлэлцэж зөвшөөрлийг шийдвэрлэж байх юм.

Засгийн газар болоод холбогдох талууд хуулиас хасагдсан дээрх заалтад анхаарал хандуулж, гадаадын хөрөнгө оруулалт саарахад нөлөөлж байна гэж санал нэгдээд байсан. Гэхдээ хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх явцад үүнийг нотлох судалгаа, баримт төдийлөн сөхөгдөөгүй юм. Хууль хэрэгжсэн нэг жилийн хугацаанд дээрх босготой нүүр тулсан хөрөнгө оруулагч компани ердөө 11 байгаа бөгөөд тэдэнд зөвшөөрөл өгөх эсэх асуудлыг хараахан хэлэлцээгүй хүлээлгээд байсан аж.

Ер нь хөрөнгө оруулалтын босгыг 100 тэрбум гэсэн нь хэтэрхий хүнд суртал үүсгэж байна. Ялангуяа уул уурхайн салбарт 100 тэрбумын хөрөнгө оруулалт наад захын шаардлага, тэр тоолонд УИХ-аар асуудлаа хэлэлцүүлнэ гэдэг хүндрэлтэй гэсэн үндэслэлийг хууль санаачлагчид гаргаж тавьсан юм.

Нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж баталсан өнгөрсөн баасан гаригт парламентын гадна бас нэг хэлэлцүүлэг болж, гадаадын хөрөнгө оруулалт яагаад саарсан талаар эдийн засагч, судлаачид санал бодлоо уралдуулсан юм. Тэдгээр судалгаанд суурилсан саналуудаас харахад хөрөнгө оруулалт буурсан нь дан ганц хуулийн ердөө нэг заалттай төдийлөн холбоогүй гэдэг нь хялбархан ойлгогдож байлаа. Дэлхийн хэмжээнд, тэр дундаа бүс нутгийн хэмжээнд өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт 18 хувиар буурсан. Энэ нь дэлхийн эдийн засгийн төлөв байдалтай холбоотой аж.

Сангийн сайд Ч.Улааны хувьд гадаадын хөрөнгө оруулалт буурсныг Стратегийн хөрөнгө оруулалтыг зохицуулалт тухай хуультай холбон үзэж байгаа ч “ад үзэгдсэн” заалттай холбоогүй гэсэн байр суурийг илэрхийлсээр буй. Уг хуулийн үзэл баримтлал бүхэлдээ “богино хугацаанд ашгийг нь хамаад гарья” гэдэг хөрөнгө оруулагчдад халгаатай гэж тэрбээр тайлбарлаад “хоёр тал харилцан ашигтай нөхцөлөөр гэрээ, хэлцлүүдийг байгуулахаар” хуульчилсан гэж мэдэгдэж байгаа.

Тэгэхээр энэ удаад Стратегийн  салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд оруулсан өөрчлөлт Монголыг чиглэсэн хөрөнгө оруулалтад шууд бөгөөд илэрхий нөлөө авчрахгүй бололтой. Харин “махны үнэ” мэддэггүй улстөрчид хөрөнгө оруулалтын хэмжээ дамжаанд ч бас баримжаа муутай хандсанаа залруулав. Бас хамгийн чухал зүйлийг сая л ойлгосон. Стратегийн салбарт бүх хөрөнгө оруулагчдад босго тавих биш, харин тухайн улсын улс төрийн бодлого орж ирэхээс сэргийлж зөвхөн төрийн өмчит болон төрийн өмчийн компаниудад л зохицуулалт хамаатай гэдгийг одоо л ялгаж, салгаж өглөө.

З.БОРГИЛМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж