Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /FATF/-аас гаргасан стандартуудыг дэлхийн бүхий л улс орон хэрэгжүүлэхийг хичээдэг. Ингэж хэрэгжүүлж ажиллахад нь тусалдаг байгууллага нь манай Ази тивийн хувьд Ази, Номхон далайн мөнгө угаах, терроризмтэй тэмцэх газар юм. Манай улс уг байгууллагын гишүүнээр 2004 онд элсэн орсон. Мөн мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцоогоо боловсронгуй болгоход дээрх орнуудтай хамтран ажиллаж ирсэн байдаг. Энэ хүрээнд 2006 онд Монгол Улс өөрийн Мөнгө угаах, терроризмын эсрэг тэмцэх тухай хуулийг баталсан. Түүнчлэн бохир мөнгөний хяналтыг сайжруулах, сэжигтэй гүйлгээг мэдээлэх тогтолцоо зэргийг Төв банкинд нэвтрүүлэн ажиллаж байна. Гэсэн хэдий ч энэ тогтолцоо олон улсын стандартад хүрэх хараахан болоогүй байгаа юм. Ази, Номхон далайн орнуудын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх байгууллагын Ахлах мэргэжилтэн Дэвид Шэнон өнгөрсөн сард манай улсад ирж ажилласан. Тэрбээр “Монгол Улс ФАТФ-ын стандартуудыг хангахаар болж, хийхээр тохиролцсон ажлуудын 50 хувь нь л биелсэн байна” гэж дүгнэсэн. Хийх ажил дэндүү их байгааг Олон улсын байгууллагын мэргэжилтэн сануулаад буцсан.
Монгол Улс хар жагсаалтад орвол яах вэ. “Хар жагсаалт гэдэг тэгээд яадаг учиртай эд вэ” гэж асууж болох юм. Хамгийн түрүүнд FATF байгууллагаас манай улсыг өөрийн гишүүн орнууддаа “Өндөр эрсдэлтэй” хэмээн зарлана. Улмаар олон улсын банк, санхүүгийн байгууллагууд манай улстай харилцах харилцаандаа өндөр шалгуур тогтоож, илүү олон бичиг баримт шаардах, зарим тохиолдолд хоорондын гүйлгээг бүрмөсөн зогсоох гэх мэт арга хэмжээ авдаг. Бизнесийн салбарын өсөлт, санхүү, мөнгөний урсгалыг удаашруулдагаараа “хар жагсаалт” туйлын хор хөнөөлтэй гэдэг. Хоёр жилийн өмнө буюу 2011 оны зургаадугаар сард ФАТФ-ын чуулга уулзалт болж, Монгол Улсыг 2013 оноос өмнө тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг зөвлөсөн. ФАТФ байгууллага нь зөвлөмж нэрээр шаардлага тулгадгаараа “алдартай”. Шаардлагуудаа ч хангалттай хэрэгжүүлж чаддаг. Манай улсын зүгээс 2012 оны зургаадугаар сард улс төрийн сонгууль болохтой холбоотойгоор хугацааг сунгах санал хүсэлт гаргасан байдаг. Ингэснээр анхандаа ердөө 18 сар байсан хугацааг 24 сар болгон сунгаж байжээ. Тухайн үедээ сонгуулийн үеийн улс төрийн уур амьсгал, хүлээлтийг тооцоолсон хэрэг. Харин одоо сонгууль дуусаад бараг нэг жилийг ардаа орхиод байна.
APG буюу Ази, Номхон далайн орнуудын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх байгууллага 41 гишүүн оронтой. Эдгээрээс долоон орон одоогоор хар жагсаалтад багтсан байдаг. Турк, Индонез, Шриланк, Вьетнам зэрэг орнуудыг энд дурьдаж болно. Үүнээс гадна давхар хар жагсаалт гэж бас бий. Энгийнээр бол “Хоригийн” гэх жагсаалтад APG-ийн гишүүн орнуудаас Иран, БНАСАУ л багтсан байдаг гэсэн. Монгол Улс хоригийн жагсаалтад орно гэж арай бодохгүй байна. Тэр болтол хол биз. Харин “Хар жагсаалт” ойрхон байна. Тийм учраас эрхэм улстөрчид, бодлого боловсруулагчид хууль, тогтоомжийг илүү боловсронгуй болгож, хар жагсаалтаас улс орноо аврахад анхаарлаа хандуулах цаг тулчаад байна.
Эх сурвалж: “УЛСТӨРИЙН ТОЙМ” сонин