Эх дэлхийдээ бэлэг барих 45 хоногийн аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.04.23-нд нийтлэгдсэн

Эх дэлхийдээ бэлэг барих 45 хоногийн аян эхэллээ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2009 оны хуралдаанаар дөрөвдүгээр сарын 22-ны өдрийг “Эх дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар болжээ. Эх дэлхийн өдрөөр хүн бүр амьдарч буй цэнхэр гаригтаа талархал илэрхийлэх боломжтой юм.  Дэлхийн өнцөг булан бүрт энэ өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Манай улсад энэхүү өдрийг тохиолдуулан өчигдөр олон үйл явдал өрнөсний нэг нь нийслэлийн Хүүхэд залуучуудын ордонд болсон “Эх дэлхийдээ барих бэлэг – 1 метр.кв” 1,5 сарын аян”-ы нээлтийн ажиллагаа  байлаа. Аяны зорилго нь хүн бүр өөрийн амьдарч, ажиллаж буй орчныхоо нэг метр.кв талбайг нөхөн сэргээж, мод бут тарьж, цэцэрлэгжүүлэх, хөрсний бохирдолыг бууруулахын төлөө нэгдэн ажиллахад чиглэж байгаа юм. БОНХ-ийн Сайд С.Оюун, яамны хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Базар, Нийслэлийн иргэдийн талаалагчдийн хурлын төлөөлөгч Ц.Баатархүү, Швейцарийн хөгжлийн агентлаг, Байгаль орчны мэдээлэл сургалтын төвийн удирдлагууд, нийслэлийн ЕБС-ийн 200 гаруй багш, сурагчид  оролцсон уулзалтыг зохиосон байна. Уулзалтын үеэр  БОНХ-ийн Сайд С.Оюуны “Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал”, НИТХ-ын төлөөлөгч Ц. Баатархүү “ Эрүүл, аюулгүй нийслэл Улаанбаатар” сэдвээр мэдээлэл хийжээ. Мөн уулзалтанд оролцсон багш сурагчид боловсрол-шинэчлэл-байгаль орчин, эко сургуулийн манлайлал, эко клубын санаачлага, эко сургуулийн сүлжээ сэдвээр ярилцсан юм. Энэхүү аяныг Эко-сургууль хөтөлбөрөөс санаачлан Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Байгаль орчны мэдээлэл сургалтын төв зэрэг байгууллагууд дэмжин зохион байгуулсан байна. Аян 1,5 сар буюу 45 хоног үргэлжлэх юм. Хүн бүр нэг метр.кв талбайг тохижуулахад оролцон “Эх дэлхий”-дээ бэлэг барьцгаая.

Д.ЦЭЦЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж