Техасын дэлбэрэлт америкчуудыг дахин айлгалаа

Хуучирсан мэдээ: 2013.04.23-нд нийтлэгдсэн

Техасын дэлбэрэлт америкчуудыг дахин айлгалаа

АНУ-ын Техас мужийн Уэст хо­тод өнгөрсөн долоо хоногт хүч­тэй дэлбэрэлт болсон билээ. Тодруулбал, тус хотод орших “Уэст Фертилайзер” бордооны үйлд­вэрт 2.1 магнитудтай тэнцэх хэм­жээний чичирхийлэл бүхий дэл­бэрэлт болж, 80 гаруй хүн амиа алдан 154 хүн бэртэж гэмтжээ. Мужийн цагдаагийн алба болон аврах ангийн аврагчид “Дэлбэрэлтээс болж олон хүн ор сураггүй алга болоод байна. Хүчтэй дэлбэрэлтийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн цогцосноос юу ч үл­дээ­гүй бололтой. Гэхдээ удахгүй энэ бүхэн шинжилгээний хариу гарахаар ойл­гомжтой болно” хэмээв.

Ослын цар хүрээ гол цэгээс 80 километрын зайд ч чичиргээ мэдрэгдсэн та­лаар АНУ-ын Газар­зүйн хүрээ­лэн­гээс мэдэгджээ.  Дэл­бэрэлт болох үед айл өрхийн хана тааз цуурч, цонхнууд нь хагарсан талаар CNN агентлаг мэдээллэв. Дэлбэрэлтийн шалтгааныг мэргэ­жилтнүүд урьд­чилсан “Ам­миа­кийн хэмжээ хэ­тэр­сэн” хэ­мээн үз­жээ. “Уэст Фер­ти­лайзер” бор­доо­ны үйлдвэр ой­­рол­цоогоор үйлд­вэрлэлийн зо­риу­лалттай 25 мянган кг аммиак хэ­рэглэдэг юм байна. Энэ нь байх ёстой хэм­жээнээс хэд дахин их гэдгийг судал­гаагаар баталжээ.

Ямартай ч үйлдвэрийн осол гарсанаас хойш хотын 2800 гаруй оршин суугчдыг аюулгүй газар нүүл­гэн шилжүүлж, үйлдвэрийн хорт бодисыг цэвэрлэсний дараа тэднийг эргүүлэн авчрах аж. Ал­баны­хны үзэж буйгаар ирэх зур­гадугаар сар гэхэд осол гарсан үйлдвэрийг бүрэн цэ­вэр­лэж, аюул­гүй болгох юм байна.

Химийн үйлдвэрт гарсан дэл­бэрэлтийн улмаас үүдсэн га­лыг унтраахаар таван нисдэг тэ­рийг мужийн амбан захирагч яа­рал­тай гаргаж, агаараас усаар унт­раах ажлыг эхлүүлсэн аж. Ой­ролцоогоор 35 минутын дараа га­лын голомтыг унтрааж, осол гар­сан бүс нутгаас иргэдийг бүрэн нүүлгэн шилжүүлжээ. Ослын дараа бэртэж гэмтсэн иргэд мужийн хоёр эмнэлэгт хуваарилагдан эмчлүүлж эхэлсэн бөгөөд өчигдрийг хүртэл бэртэж гэмтсэн 154 хүний 42-ынх нь бие тун тааруу байгаа талаар эх сурвалжууд онцолжээ.

Золоор дэлбэрэлтээс үүссэн ба­рил­гын нуранги дор байсан ир­гэ­дийг эсэн мэнд гаргаж авсан та­лаар эх сурвалж мэдээлсэн. Ал­баны­хан осол гарсан бүс нутагт дээд албан тушаалтнуудаас өөр хэ­нийг ч нэвтрүүлэхгүй байгаа бө­гөөд хоёр, гурван төрлийн шин­жил­гээ судалгаа хийж байгаа аж. Гэр­чүүд “Үйлдвэрийн дээд хэсэгт их хэмжээгий утаа үүссэн. Удалгүй маш хүч­тэй дэлбэрэлт болж агаарт олон зүйл ийш тийш хөөрөх болсон. Хо­лоос аймшигтай харагдаж бай­сан. Тэ­гээд л цагдаа, хүчнийхэн ир­гэ­дийг 15 минутын дотор нүүлгэх та­лаар анхааруулж, биднийг хотоос га­ра­ж эхэлсэн” хэмээн ярьжээ.

Химийн үйлдвэрт ийм хэмжээ­ний осол гарч байсан тохиолдол АНУ-ын түүхэнд бараг байхгүй. Хөдөл­мө­рийн болон ажлын байр­ны аюул­гүй байд­лыг хамгийн сайн хангадаг орны эхний тавт жагс­даг. Гэвч энэ удаагийн осол нь “Үйлдвэрийн бу­руутай үйл ажил­лагаанаас болсон уу. Аль эсвэл өөр хүчин зүйл байв уу” гэдэгт гол учир байна.

Иргэд ч дэлбэрэлтийг террорист дайралттай холбон сандралдаж эхэл­сэн талаар “USA Today” со­нинд онцолжээ. Энэ нь иргэдийн дунд гэнэтийн халдлага, айдас оршиж буйг харуулж байгаа талаар BBC агентлаг мэдээлэв. Гол нь америкчуудын сэтгэл зүйд “Хар өдрүүдийнх шиг гэнэтийн халдлага болчих вий” гэсэн айдас одоог хүртэл байсаар байгааг сэтгэгдлүүд баталсан аж.

АНУ-ын Төрийн нарийн бич­гийн дарга Жон Керри Уэлс хотын осолтой холбогдуулан төрийн де­­пар­­таментын хурлаар цаашид бор­­дооны үйлдвэрт аммиак хэрэг­лэ­хийг хэлэлцэнэ гэжээ. Тус улсын хуулиар химийн цөөн тооны үйлд­вэрт дээрх бодисыг хэрэглэх зөвшөөрөл олгосон байдаг бөгөөд хурлаар уг бодисын хэм­жээний талаар гол яриа өрнөх болов уу.

Нөхцөл байдал өдрөөс өдөрт дээр­дэж байна. Яаралтай мэс за­салт орсон 28 иргэний бие нь дээр­дэж байгаа ч хоёр иргэн ухаан­гүй байсаар байгаа талаар CNN агентлаг мэдээлэв. Нүүлгэн шил­жүүлсэн иргэдээс 150 гаруй нь хорогдох байранд байгаа бол үлдсэн нь хамаатан садангийндаа байгаа талаар мужийн Хүн амын статистикийн газраас мэдээлсэн байна.

Дэлбэрэлтийн үеэр амиа алд­сан иргэдийг эцсийн замд нь үдэх ёслолыг өчигдөр хийсэн бө­гөөд гурван өдрийн турш ямар нэг баяр ёслолын арга хэмжээ зо­хион байгуулахыг хотын дарга хориглосон аж. Уэлс хотын ихэн­хи барилгууд хоёр, гурван давхар байдаг нь азтай хэрэг болж. Хо­хирлын нийт хэмжээг албан ёсоор гаргаагүй байгаа бөгөөд ирэх сарын эхээр тодорхой мөнгөн дүнг гаргаж, амбан захирагчаар дам­жуулан нө­хөн төлбөрийг батлах талаар эх сурвалжууд онцлов. Ослын шалт­гааныг эцсийн байдлаар тогтоосны дараа буруутай компани, хувь хүн, хэн ч байсан хохирлыг барагдуулах ёстой гэдгийг амбан захирагч Рик Перри анхааруулжээ.

Б.БААТАР
Эх сурвалж: “УЛСТӨРИЙН ТОЙМ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж