Дээд боловсролоо дэгээдэж унагахаас сэргийлье

Хуучирсан мэдээ: 2013.04.23-нд нийтлэгдсэн

Дээд боловсролоо дэгээдэж унагахаас сэргийлье

Монголд дээд боловсрол шиг үнэ цэнэгүй зүйл алга. “Бүгд дипломтой ажилгүйчүүд болж байна” гэх шүүмжлэл үүнийг нотолно. Тэгсэн атлаа аав, ээж бүр үр хүүхдээ их, дээд сургуульд оруулахыг хүснэ. Үр хүүхэд нь ч адилхан. Зөвхөн нийслэлийн хэмжээнд гэхэд 160 гаруй мянган оюутан суралцаж байгаа гээд бод л доо. Мэдээж анх сонсоход энэ бол тоо. Харин жаахан ахиулж ойлгохыг хүсвэл чанар. Чанарыг  сургалт талаас нь бус сурч мэдэх, сайн сайхан амьдрах хүсэл мөрөөдөл гэдэг утгаар нь ойлгохыг хүсвэл 160 гаруй мянган оюутан гэдэг тун давгүй үзүүлэлт. Тэд сурахыг хүссэн учраас тэр. Гэхдээ тэдэнд нэг сул тал бий. Тэр нь сургууль шиг сургуулиа сонгож чадахгүй байгаа явдал.

Тэгвэл Монголд сургууль шиг сургууль ер нь бий юу. Харамсалтай нь энэ асуултад хариулахад тун бэрхтэй. МУИС жинхэнэ утгаараа сайн сургууль мөн үү. ШУТИС орчин цагийн үйлдвэрлэгчдийн эрж хайж байгаа тэр мэргэжилтнийг бэлтгэж чадаж байна уу.

МУБИС-ийг төгссөн багш бүр хүний хүүхдэд боловсрол эзэмшүүлж хүчирдэг үү. ЭМШУИС-ийг төгсөгчид бүгд шилдэг нь үнэн юм бол яагаад эмч нарын буруугаас болж иргэд амиа алдаад байна вэ. Яг үнэндээ энэ бүх асуултын хариу нь өөрөө дээд боловсролыг үнэгүйдүүлж, олон мянган залуусын амьдралаар тоглоод байх шиг.

Уг нь үүнийг олж харах тийм ч хэцүү биш. Харин цаашид бурууг зөвхөн оюутнуудаас хайгаад байвал хариулт нь бүдгэрч мэднэ. Ядаж л их, дээд сургуульд төгсөгчдөө чанаржуулах орчин нь байна уу. Хуучин зөвлөлтийн үеийн тоног төхөөрөмж дээр инженерийн ухаан заалгасан оюутан амьдралд гараад барууны тоног төхөөрөмж дээр үр дүнтэйгээр ажиллаж чадах уу. Сурагч бүрийн чадварыг хөгжүүлэхээс илүүтэй “Сурга” гэсэн ганцхан зорилгод дөрвөн жил нухлуулж буй оюутан сайн багш болох уу… Энэ бүхэн дээрх олон асуултын үндэс нь. Өнөөдөр МУИС гэхэд жилдээ 30 тэрбум төгрөгийн орлогыг сургалтын төлбөрөөс олдог. Нэг ёсны “Оюутан чамайг ажил, амьдралтай болгож өгнө” гэж хэлээд өөрийгөө тэдэнд худалддаг гэсэн үг. Зах зээлийн зарчмаар нь ойлговол шүү дээ. Харамсалтай нь энэ мөнгөө бүхлээр нь зарлага болгочихдог. Зарлага, орлогынх нь бланс тэнцдэг гэсэн үг. Юунд зараад байна вэ гээд харахаар багш нарын цалин, тэтгэмж, ном сурах бичиг гэх мэт ерөнхий зориулалт гарч ирнэ. Уншигч та бодоод үзээрэй. Бүхэл бүтэн 30 тэрбум төгрөгийн ядаж нэг хувиар нь ч болсон орчин цагийн оюутанд хэрэгтэй лабортори байгуулсан түүх байхгүй. Лав л энэ 20 жилийн хугацаанд. Оюутнуудаас төлбөр хураадаг болсон цагаасаа хойш гэсэн үг. Тэгсэн атлаа “Монголын номер нэг сургууль” гэсэн тодотголыг зүүдэг.

Дараагийнх нь ШУТИС. Монгол Улсын инженерийн дутагдлыг арилгах үндсэн үүрэг хүлээдэг уг сургуулийн тухайд бас л багагүй бэрхшээл бий. Дархан болон Орхоны салбартаа төв ШУТИС дээрээ бэлтгэдэг бүх мэргэжлээрээ давхар мэргэжилтэн бэлтгэдэг. Уг нь бол Орхондоо уул уурхайн инженер, Дарханд хөнгөн үйлдвэрийн боловсон хүчинг тусгайлан бэлтгэж болох байсан. Гэтэл тэгээгүй. Эцэстээ нөгөө инженерийн сургууль маань хүмүүнлэгийн ухааны мэргэжилтэн бэлтгээд эхэлчихсэн. Орчин цагийн инженер бэлтгэх лаборатийн хувьд бас л асуудалтай. Сургалтын төлбөр дээрээ нэмж эрдэм шинжилгээний ажлаас таван тэрбумыг олдог ч энэ нь юм болдоггүй. Сургуулийн дотоод зарлага, цалин хөлс гээд л дуусчихна. Тэдгээр шалтгаан нь шинэчлэл ярих боломжийг нь хаадаг гэх.

Үндсэндээ энэ бол дээд боловсролоор дэнчин тавьсны илрэл. Дээд сургуульд суралцаж буй оюутан бүрийг доош нь хийх үндсэн шалтгаан. Дипломтой худалдагч, угаагч, үйлчлэгч олшрох болсны баталгаа. Тэгэхээр бурууг сурч мэдэж, сайн сайхан амьдрахыг хүссэн оюутнуудаас бус харин шийдвэр гаргагчдаас хайх хэрэгтэй болох нь. Наад зах нь төрөөс улсын мэдлийн их дээд сургуульд сүүлийн 20 жилийн хугацаанд яаядаа гэсэн ганц лабортори байгуулж өгсөн билүү. МУИС-ийн цөмийн физикийн ангийн оюутнуудын туршилт явуулдаг лаборторийг сонирхоод нэг хараарай. Тэнд төгсч гарсан мэргэжилтний ур чадвар дээр тулгуурлаж Монгол Улс атомын цахилгаан станц барьж байгуулан, түүнийгээ ашиглах замаар эрчим хүчний хомсдлоо буруулна гэвэл үүн шиг үлгэр үгүй. Эмч нарын тухайд ч тэр адилхан. Орчин цагийн анагаах ухааны ололтыг нэвтрүүлсэн лабортори манай улсад хэр олон билээ. Тэднийг сайн эмч болгож төгсгөхийн тулд сургуульд нь төрөөс онцгойлон анхаарч, дэд бүтцийг нь бий болгож өгсөн билүү.

Ингээд бодохоор бүгдэд нь сохроор “Сур, сур бас дахин сур” хэмээн үүрэгдэхийг л төр чадаж ирж. Өөрөөр суралцагчдыг чадваржуулж, сурах орчныг нь сайжруулахын төлөө өнгөрсөн 20 жилийн хугацаанд төр ажилласан нь үгүй. Тийм атлаа өдгөө дээд боловсролыг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр солих тухай яриа ч гарч эхэллээ. Худалч хүнд “Бүх хүнийг дипломтой ажилтан болгоно” гэсэн зорилгыг гол болгосон бололтой юм. Үүнийх нь хүчээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй МСҮТ бүгд өнгө засч, үйл ажиллагаа нь сэргэсэн ч гэлээ төгсөгчид нь эргээд ажилгүй болох нь олон болчихож. Шалтгаан нь нөгөө л дутуу хагас мэргэжилтэн бэлтгэснийх нь балаг.  Иймд шийдвэр гаргагчид дээд ч үгүй, доод ч үгүй болохоосоо өмнө ядаж их, дээд сургуулиа дэгээдэж унагахаа болих хэрэгтэй санагдав. Төрөөс бодитой гэсэн дэмжлэг үзүүлж дөнгөлгүй энэ чигээр нь мөлхүүлээд байвал төд удалгүй Монголын ирээдүй боловсролтой хэрнээ чадваргүй, чадваргүй хэрнээ чадалтай мэт сэтгэгчдээр дүүрэх нь гарцаагүй. Үр дүнд нь боловсон хүчнээ хилийн чинадаас импортлох гарц нээгдэж, жинхэнэ утгаараа монголчууд ажилгүй, амьдралгүй болж хувирах биз ээ.

Харин саяхнаас Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дээд боловсролын чанарт шинэчлэл хийж, дээрх бүх алдааг засах арга ухаан боловсруулж байгаа дуулдсан. Гэхдээ хэдий болтол үүнийгээ ярьж, хэдийнээс хэрэгжүүлэх вэ гэдэг нь өнөөдөртөө тодорхой бус байгаа. Мэдээж “Ирэх намраас хэрэгжүүлж эхэлнэ” гэсэн зорилго бол бий бололтой юм билээ. Гол нь оюутныг оюутнаар нь бус харин ирээдүйн Монгол Улсын хөгжлийн хөдөлгүүр, амин сүнс нь гэдэг тэр л өнцгөөс нь харахыг чухалчилж буй гэх. Шинэчлэлийн хүрээнд шүү дээ.

Г.ОТГОНЖАРГАЛ
Эх сурвалж: “УЛСТӨРИЙН ТОЙМ” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж