Хэрэг үйлдсэн хоёр этгээд ах, дүүс. 1986 онд төрсөн Тамерлан Царнаев. 1994 онд төрсөн Жохар Царнаев. Дагестанаас гаралтай чечень үндэстнүүд. Тамерланы хувьд боксоор хичээллэдэг төлөв даруу нэгэн. Харин Жохарын хувьд бусадтай нийтэч, энгийн, товчхондоо бол сайн жаал. Гэр бүл ойр дотны хүрээнийхний ярьж байгаагаас харвал бөмбөг дэлбэлж, олон нийтийг эмх замбараагүй байдалд турхирахааргүй хүмүүс. Бостоны халдлага үйлдсэнийхээ дараа баривчилгааны ажиллагааны үеэр Тамерлан газар дээрээ нас барсан бол Жохар гэмтэж, одоо эмнэлэгт хэвтэж байна. Тамерлан 2003 онд АНУ-д цагаачилж ирсэн. Өмнө нь Киргизэд амьдарч байгаад Казахстанаар дамжин АНУ-д иржээ. CNN-ийн мэдээллээс харвал террорист бүлэглэл, хэт даврах үзэлтнүүдтэй холбоотой байсан бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд элдэв бүлэглэлтэй холбогдох нь ихэсчээ. АНУ-ын Засгийн газар үүнийг Чеченийн бүлэглэлтэй холбон тайлбарлахыг төвдөхгүй байгаа ч хэргийн учиг нь явж, явж Чеченьд буугаад байна.
Ах, дүүс бүгд исламын шашинд итгэдэг байсан. Тэглээ гээд хэрэг явдлын сэжим тайлбарлагдахгүй ч яг одоо америк даяар тэдний шашны үзлийн талаар ярьцгааж байна. Хамгийн сүүлийн мэдээллээс харвал Жохар Царнаевыг террорист бүлэглэлийн гишүүн болохыг нь тогтоожээ.
Хэрэг явдлын дараахан АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний амьдрал болоод сүүлийн таван жилийн мэдээллүүдийг дэндүү дэлгэрэнгүй олон нийтэд хүргэв. Түүний гэр бүлийн байдал, хэдэн онд Орос руу явж, бүлэглэлтэй хэдэн онд харьцсан гээд бүх мэдээлэл олонд дэлгэгджээ. Бостоны марафоны дараахан Бостон шоконд ороод байхад тэдэнд юу ч байгаагүй. Гурван хоногийн дараа олонд зургийг дэлгэхэд ч мэдээлэл тун бага байсан гэдгийг санах хэрэгтэй. Гэвч тэдний тухай мэдээлэл нүд ирмэхийн зуур нийтэд ил болов. АНУ-ын дийлэнх иргэд Царнаевын ах, дүүст бурууг тохохыг хүсэхгүй байгааг олон нийтийн сүлжээ сайтуудаас мэдэж болно. Хамгийн гол нь хэргийн учиг яагаад заавал Дагестанаас ирсэн ах дүүс дээр төвлөрч байгаа гэдэг нь сонирхолтой.
Одоогоос 12 жилийн өмнөх ихэр цамхгийн халдлагын үеэр АНУ болоод Их Британийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр хоёр өндрийг мөргөсөн тухай мэдээлэл дэндүү хурдтай цацагдав. Хамгийн сонирхолтой MNBC, NBC, BBC агентлагууд хоёр өндрийг нурж байгаа мэдээллийг үйл явдал болохоос өмнөх 5-6 хормын зөрүүтэй мэдээлж байв. Тэд чухам яагаад хэрэг явдал болохоос урьд мэдээд олон нийтэд хүргэсэн нь сонин. Тухайн үед экспертүүд энэ талаар ямар нэгэн үг хэлэлгүй, таг дуугүй өнгөрсөн билээ.
Оны өмнөхөн болсон Ньютауны аймшигт халдлагын тухай таагүй мэдээлэл олон. Ньютауны буудалцаан үнэндээ урьдаас бэлтгэсэн цэргийн сургуулилт гэдгийг зарим блогчид олон нийтэд хүргэсэн. Тэртээ тэргүй шоконд ороод байсан америк үүнийг тоогоогүй ч олонд хүргэсэн энэ нийтлэл одоо ч цахим ертөнцөд бий.
Одоог хүртэл хоёр өндрийн хэрэг хамгийн нууцлагдмал хэргүүдийн тоонд багтдаг. Зарим нь энэ хэргийг Райхстагийг шатаасан Гитлерийн үйлдэлтэй адилтган үзэх нь ч бий. Ямар ч байсан энэ хэргийн дараа террортой дайн зарлаж, Афган, Иракийг “энхийн замд” нь оруулахын тулд цэргийн ажиллагаа явуулсан гэдэг нь гашуун үнэн. Энэ үйлдлийг АНУ дотооддоо зөвтгөж, айдсыг нухчин дарахын тулд засгийн хийж буй үйлдлийг магтдаг. Харин гадаад ертөнц тэр бүр энэ үйлдлийг зөвтгөдөггүй. Долоо хоногийн өмнө болсон үйлдэл ч мөнхүү олон асуултыг араасаа дагуулав. Тэд чухам яагаад Бостоны марафоныг сонгов, эх орончдын өдрийг сонгодог нь ямар учиртай вэ, Царнаевын гэр бүлийн гишүүдийн мэдэгдэл, хяналтын камерын бичлэг удаж байж нийтэд хүрсэн шалтгаан, Царнаевын гэр бүлийн бодит байдал гээд олон эргэлзээтэй асуултууд бий. Гэхдээ ямар ч байсан тэд үйлдэж, үр дүнд нь 200 гаруй хүн гэмтэж бэртэн, гурван хүн амиа алдсан нь үнэн.
Бостоны бөмбөгдөлтийн дараа хүмүүс шоконд орсон ч ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж, тусламжийн гараа сунгах ажиллагаа эд өрнөж байна. Массачусетс мужийн амбан захирагчийн тушаалаар нэг сая ам.долларын хандивын сан байгуулсан. Бөмбөгдөлтийн үеэр амиа алдсан Лу Линзигийн нэрэмжит тэтгэлгийг Бостоны их сургууль бий болгов. Улаан загалмайнхан бэртсэн хүмүүсийн эмчилгээнд сайн дураараа оролцож байна. Бейсболлын алдарт “Бостон Ред Сокс” багийнхан 600 мянган ам.долларын туслалцаа үзүүлж, сан байгуулахаар болов. Мөн Адидас брэнд эмгэнэлт өдрийг дурссан футболкыг үйлдэж, Бостон хотын биеийн тамирын хүрээлэнд өгөв. Одоо ч иймэрхүү тусламжийн ажил ид өрнөж, олны танил эрхэмүүд ч гараа сунгаж байна.
Бостон хот долоо хоногийн өмнөөс өөрчлөгдсөн. АНУ ч шоконд орсон. Харин Чеченүүд энэ хэргийг бидэнд тохоод хэрэггүй гэдгийг мэдэгдсэн. АНУ ч Чеченүүдийг буруутгах үзэл гаргахгүй байхыг олон нийтэд уриалсан. Гэхдээ дийлэнх америкчууд чеченүүдийг буруутгаж байгаа нь үнэн. Холбооны мөрдөх товчоо энэ хэргийг шалгаж байгаа. Мөрдлөгийн явцад тэднийг архаг террористчин болохыг нотолсон. Амьд үлдсэн Жохарт ял төлөвлөж байгаа. Чухам хэдэн жилийн ял гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
2001 оны хэрэг явдалтай дэндүү ижилхэн гэмээр зураглал 2013 оны Бостоны дэлбэрэлт бий болгов. Хэрэг явдал нэгэнт болж өнгөрсөн. Хариуд нь 200 гаруй хүн гэмтэж, гурван хүн нас барсан. Одоо эргэлзээтэй гэмээр олон асуулт л үнэн хариултыг нэхэн үлджээ.