нийслэл Нью Дели хотноо болж буй бөхийн чөлөөт барилдааны Азийн аварга
шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр манай бөхчүүдээс дөрвөн бөх дэвжээнд
гарснаас 66 кг-д Азийн наадмын аварга ОУХМ Г.Мандахнаран мөнгөн медаль, 96 кг-д ОУХМ Д.Хүдэртулга хүрэл медаль хүртлээ.
Өнөөдөр Монголын
тамирчдаас 66 кг-д Г.Мандахнаран, 74 кг-д Б.Анхбаяр, 84
кг-д О.Үйтүмэн, 96 кг-ын жинд Д.Хүдэрбулга нар тивийн аваргын дэвжээнд
зодоглосноос 74 кг-д Б.Анхбаяр Японы бөхөд, 84 кг-д О.Үйтүмэн
Ираны бөхөд ялагдсанаар тэмцээнээ орхиолоо.
66 кг-д барилдсан Азийн наадмын аварга, ОУХМ
Г.Мандахнаран Япон, Иран, БНСУ-ын бөхчүүдийг ялснаар алтан медалийн төлөө тэмцээнийг зохион байгуулж буй эзэн орны бөх Амир Дахар Кумарт (1:0, 0:4, 2:3) ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Мөн 96 кг-д жинд Д.Хүдэрбулга эхний тойрогт хийлж, улмаар Тажикистаны Рустам Искандерт ялагдсан ч хүрэл медалийн төлөө БНХАУ-ын Хуе Шанг /1:1, 4:3/ ялснаар тивийн хошой хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр өнгөрсөн жил БНСУ-ын Гуми хотод болсон Азийн
аваргаас анхны медалиа хүртэж байжээ.
Өнгөрөгч бямба гаригт Монголын баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 55 кг-ын
жинд залуу тамирчин Б.Номин хүрэл медаль, өчигдөр
эмэгтэйчүүдийн 67 кг-д Гавьяат тамирчин О.Насанбурмаа алт, 59 кг-д
Т.Мөнхтуяа, 72 кг-д Б.Одончимэг, эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох
120 кг-д Ж.Чулуунбат нар мөнгөн медаль, 63 кг-д Ш.Түмэнцэцэг хүрэл
медаль хүртээд байсан бол тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр зодоглосон бөхчүүдээс 66 кг-д Г.Мандахнаран мөнгө, 96 кг-д Д.Хүдэртулга хүрэл медаль тус тус хүртлээ.
Багийн дүнгээр эрэгтэй, эмэгтэй тус бүр гуравдугаар байрыг эзэлсэн байна.
Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХҮI дахь, эмэгтэй чөлөөт бөхийн XVI дахь аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд тамирчнаа сойсноос нэг алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ. Өнгөрсөн жил БНСУ-д болсон Азийн аваргаас хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль авч байсан бол энэ удаагийн тэмцээнд амжилтаа ахиуллаа.
2013 оны Азийн аварга Гавьяат тамирчин О.Насанбурмаагийн шагналаа гардаж буй фотог Нью-Дели хотоос Халиун илгээв.
Азийн 20 орны тамирчин оролцсон тус тэмцээнд 14 улс ямар нэгэн медаль хүртсэн байна. БНСУ /5+2+1/ найман медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Узбекстан /4+0+0/, Япон/2+3+5/, БНХАУ /2+3+4/, Энэтхэг /2+1+6/ улсууд айргийн тавд оржээ. Манай улс нэг алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаараа наймдугаар байрт шалгарлаа.
Ирэх жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сард Казахстан
улсын Алмата хотод, Азийн наадам есдүгээр сард БНСУ-ын Инчон хотод
болно.
Сануулахад, Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ОУХМ Ч.Ганзориг 2006 онд, Гавьяат
тамирчин Ц.Энхжаргал 2007 онд тивийн аваргад түрүүлж байжээ.