Эгийн голд мазаалайн нэмэлт тэжээл тариална

Хуучирсан мэдээ: 2013.04.22-нд нийтлэгдсэн

Эгийн голд мазаалайн нэмэлт тэжээл тариална

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос санаачлан ШУА-ийн Биологийн салбартай хамтран  “Мазаалай баавгайг хамгаалах асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт мөн төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан,  ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нар үг хэллээ.

УИХ-ын БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан “Дэлхийн бусад улс оронд байдаггүй Монгол Улсад зөвхөн нутагшсан нэн ховор Мазаалай баавгайг хамгаалах нь дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэг гэж ойлгох хэрэгтэй. Мазаалайг хамгаалах асуудалд эрдэмтэд та бүхэн санал бодлоо солилцож, мэдлэгээ хуваалцахыг хүсч байна. Генетикийн судалгааг зайлшгүй хийх шаардлага байна” гэсэн юм. Тэрээр мөн Монголд Зоо парк байгуулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Хэлэлцүүлгийн хүрээнд “Мазаалай баавгайг хамгаалах талаар баримтлах төрийн бодлого” сэдвээр БОНХЯ-ныТөрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, “Мазаалай баавгайн экологийн судалгааны дүн” сэдвээр ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн ЭШТА, доктор Л.Амгалан, “Мазаалай баавгайн генетикийн судалгааны үр дүн” сэдвээр ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн ЭШТА, докторХ.Түмэннасан, “Мазаалай” брендийг хөгжүүлэх боломж” сэдвээр “Үндэсний бахархал Мазаалай” ТББ, Р.Шинэгэрэл нар илтгэл тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

БОНХЯ-ныТөрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд илтгэлдээ Монгол Улсад доод тал нь 22 тооны Мазаалай баавгай байгаа гэж тогтоосон байна. Анх 1967 онд Мазаалайг судалж эхэлсэн бөгөөд 1987, 1997 онуудад Улаан номд оруулж ховордсон ан амьтны тоонд оруулж байжээ. Сүүлийн жилүүдэд хорогдож буй шалтгаан нь гадаргын усны ховордолт, идэш тэжээлийн байдал муудсантай холбоотой хэмээн тайлбарлаж байна. Иймд ус чийгийг нэмэгдүүлэх, идэш тэжээлийн ургамлыг боловсруулах, тарих шаардлага байгааг санууллаа. Чийгийг нэмэгдүүлэхийн тулд газрын генаратор байрлуулахаар төлөвлөж буй ажээ.

Түүнчлэн Мазаалай баавгайг хамгаалах асуудалд судалгаа шинжилгээг эрчимжүүлэх шаардлагатай гэнэ. Мөн тоо толгойг нь нарийн тогтоох ёстой гэж үзэж байна. Хувийн хэвшлийнхэн Эгийн голд мазаалайд зориулсан нэмэлт тэжээлийг тариалахаар төлөвлөжээ. 

Биологийн хүрээлэнгийн хөхтөний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор Л.Амгалан илтгэлдээ “Мазаалай баавгайн үржлийн идэвх удаан байдгаас тоо толгой нь өсдөггүй. Судалгааны явцад нийтдээ 13 толгой баавгайг амьдаар нь барьж, сансрын дохиололтой хүзүүвч зүүж судалж байгаа. Мөн 15 уст цэг дээр хөдөлгөөн мэдрэгч автомат камер байрлуулж, зургийг нь авч байна. Одоогийн байдлаар давхардсан тоогоор мазаалай баавгайн 7000 орчим зургийг авсан байдаг аж. Нэг баавгай хэд ч авахуулж болно. Энэ зургуудаар нарийвчилсан судалгааг хийж өдөр хоног, цаг минут, өнгө зүс биеийн хэлбэр маягаар ялган үзэхэд 20 орчим толгой мазаалай баавгай байна гэж үзсэн. Улмаар манай хүрээлэнгийн Генетикийн лабораторийн ажилтнуудтай 15 уст цэгээс үсний дээж цуглуулж Канад улсад явуулахад найман эм, 14 эр, нийт 22 мазаалай баавгай байна гэж тогтоосон. Авсан зургуудаас үзэхэд 22-30 толгой мазаалай баавгайтай байх боломжтой гэж тогтоосон” гэлээ.

Хэлэлцүүлгээс гарсан дүгнэлтийг үндэслэн УИХ-ын БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан захирамж гарган холбогдох байгууллагуудад Мазаалайг хамгаалах үүрэг чиглэл өгөх юм байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж