
Аавын пальто эдэлж дууссаныг хасч ахад өмсгөж, ахын пальто багадахаар дунд ахад, дараагаар нь надад ирдэг байсан тэр л үе. Эрх чөлөөнөөс эхлээд олон зүйл хомсдсон энэ үед бухимдсан олон “өөрчлөлт”-ийн төлөө тэмцсэн нь тэр байж. Тэр нэг өдрийн жагсаалыг цэргийн хүчээр тараах санал ч гарч байсан гэдэг. Гэвч Монгол хүний саруул ухаан тийм зүйлд хүргээгүй. Хүний амь эрсдэх нь битгий хэл ганц цонх ч хагараагүй. Харин үр дүн нь гайхалтай байж тэмцэгчид хүссэн “ардчилал”-аа эхлүүлэх боломж байлаа. Бусад улсын хувьд “мөрөөдөл” байсан зүйлийг Монголчууд асуудалгүйгээр “ажил хэрэг” болгож авсан явдал байв.
Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иддэг гэх үг бий. Бид өнгөрсөн хугацаанд ардчилсан хувьсгалын нэрийг хангалттай худалдан идсэн. Ийнхүү асган цутган “идэхдээ” бид ардчиллын үнэ цэнэ, үнэт зүйлсийг ч мөн багагүй асгасан. Газраар нэг асгарсан үнэ цэнэ алдагдан алдагдсаар, үнэт чанараа хувирган олон ч хүнийг хордуулсан. Хордсон хүмүүс нь ардчиллыг үзэн ядагчид болон өндийсөөр.
Үнэхээр тогтолцооноос биш тогтолцоонд ажиллагсдын алдаа завхралаас үүдэлтэй тогтоц бий болсныг ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Ардчиллын ачаар бидний ээж аавууд картын бараанд очерлохоо больсон ч өнөөдөр халамжийн мөнгөө авахаар дугаарлагсдын өргөн фронт байна. Ардчиллын ачаар олон намын тогтолцоонд шилжсэн ч хоёр нам болон талцаж нэгнийхээ хийсэн ажлыг нураадаг жишгээс салж чадаагүй л байна. Гадаадад чөлөөтэй зорчдог болсны хэргийг Солонгос, Чех рүү хар ажил хийхээр мянга мянгаараа “дүрвэцгээх” дүр зургыг бий болгоход ч харагдав. Ганц намын хэвлэлээс өөр унших сонингүй байсан нь өөрчлөгдсөн ч одоо улстөрч бүр ардаа хэвлэл мэдээллийн байгууллагатай болсон нь үнэн. Үнэхээр олон зүйл ахиж өөрчлөгдсөн ч арагш нь татаж ойлгогдох олон зүйл бий болсон.
Ямар ч сайн дүрэмтэй тоглоомд булхай хийгчид, луйварчид байсаар ирсэн нь аль улсын түүхэнд бий. Яг л үүн шиг луйварчдаас бол тоглоомын дүрмийг нураахыг хүсэгчид олширов. “Эмнэлгийн хонгил дүүрэн зулаад хэвтчихсэн өвчтэй, ханиадтай хүүхдүүдээ яах вэ. Нэг ангид 70, 80-аараа сууж хичээллэх сурагчдаа яах вэ? Цэцэрлэгт орж чадахгүй гэртээ цоожлогдон айж бүлтэгнэх нялхсаа яах вэ” гэж асуудал захаасаа аваад олон байгааг Ерөнхийлөгч шүүмжилсэн нь саяхан. Гэтэл хэдэн дүүргийн цэцэрлэгийг барих хэмжээний мөнгө нэг даргын нууц амрагийн данснаас илэрч, танил талаараа үгсэн хуйвалдсан том хэргүүд ар араасаа илрэх болов. Үнэнийг хэлэхэд ардчиллын ачаар тэдгээр луйварчид төрсөн биш, ардчиллын хүчээр тэднийг илрүүлж, илчилж чадаж байгаа нь энэ.
Хүн өөртөө байгаа зүйлийнхээ ач холбогдлыг, дэргэдээ буй зүйлийнхээ үнэ цэнийг анзаардаггүй гэдэг шиг бид ч мөн бидэн буй “ардчиллын” ач холбогдлыг анзаарахгүй буй нь харамсалтай. Зарим нэгний 200 жил туулсан замыг 20 гаруйхан жилд туулсан туршлага бидэнд л бий. “Ардчилал бидэнд юуг өгөв” гэж харааж муучлах нь олон. Гэвч тэдэнд ядахдаа ингэж хүссэнээрээ шүүмжлэх эрхийг нь өнөө муу ардчилал нь өгснийг тэд анзаараагүй. Гэвч биднийг зам мөрийг дэлхийн олон улс нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Түүнийг батлах арга хэмжээ бол хэдхэн хоногийн дараа Улаанбаатар хотноо болох “Монгол Улс Ардчиллын загвар улс” хэмээн үнэлсэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн чуулган. Мянга гаруй төлөөлөгчид, өндөр хэмжээний зочид гээд дэлхийн анхаарлыг татах, нэр хүндийг өсгөх хамгийн том сурталчилгаа. АОХН-ыг удирдах хугацаанд Монгол Улс нь байнгын ажиллах бүтцийг бий болгож чадсан гээд хэлэх зүйлтэй ажлын тайлан. Олимпоос алтан медаль хүртэж эх орныхоо нэрийг гаргасантай дүйх онцлох арга хэмжээ. Дэлхий Монголын ардчиллыг харахтай зэрэгцэн, өөрсдийгөө ч бусдын толинд харах том боломж.
Тэдний хувьд Монголын ардчиллаас суралцах зүйл их бий. Дарга явах замыг урьдчилан бэлтгэж, нүхийг шороогоор дүүргэж, уулзах хүний хэлэх үгийг бэлтгэх гэдэг сэтгэлгээ өмнө цагт энгийн зүйл байсан бол өнөөдөр хүлээн зөвшөөрч боломгүй бэртэгчин зан мэт харагдаж шүүмжлэгдэх болов. Алдаа хийсэн бол дарга байсан ч, цэрэг байсан ч айлгүйгээр хэлж сануулдаг залуу үе, олон нийтийн сүлжээ бий болов. Авлига өмнө нь ашиг ихтэй, эрсдэл багатай зүйл байсан бол, өнөөдөр эрсдэл ихтэй зүйл болж өөрчлөгдөв. Танил талаар асуудлыг шийддэг тогтолцоо дүрэм журам, тогтсон хугацаанд заавал гүйцэтгэх дэг журмын ачаар өөрчлөгдсөөр. Өнөөдөр байсаар байгаа ч өдөр ирэх бүр өөрчлөгдсөөр. Хамаатныхаа чадваргүй нэгнийг ажилд оруулж ажлаа унагахаас илүү чадварлаг залуусыг өрсөлдүүлж, амжилтанд хүрэхийг эрмэлзэж байна. Ажлыг шударгаар хийх гэсэн хүмүүст боломжийг нь хуулиар баталгаажуулан өгч байна. Хууль зүйн сургуульд эрх зүй, шударга ёс зааж байсан “энгийн” нэгэн багшид хууль зүйн салбарыг толгойлж, шинэчлэл эхлүүлэх эрхийг өгч чадаж байна. Хууль тогтоох байгууллагад эмэгтэйчүүдийг бүлэгтэй болох хэмжээнд сонгох боломжийг хөнгөхөн шийдлээ. Олон улсын хэмжээнд Монгол Улс хүчтэйг дагалдан намирахаас илүүтэй “дуугарч чаддаг”, “оролцож хийж чаддаг” оролцогч боллоо. Өв соёлоо хамгаалж чаддаг гэдгээ ч харуулж чадлаа. Бидний өөрсдийн анзаарсан, анзаараагүй олон олон ололт олон улсын ирээдүйд сургамж болох нь тодорхой.
Хүү маань хэзээ ч ахынхаа хувцсыг багадаасай хэмээн хүлээхгүй. Учир нь өөр хэн нэгнээс биш, зөвхөн өөрөөс хамаарах боломжууд надад бий.
Монголын ардчиллаас суралцах зүйл их. Ололтыг ч суралц, алдааг нь ч суралц. Алдаа оноотой Ардчилсан Монголд тавтай морил.