МАН-ын бүлэг ажлын хэсэг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2013.04.22-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг ажлын хэсэг байгууллаа

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авсан Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой асуудлын хүрээнд гурван асуудлыг тодруулж нягтлах шаардлагатай хэмээн үзэж, УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар болж шийдвэрлэжээ. Тодруулах гурван асуудалд “Чингис бонд”-ын мөнгөөр Монголбанк алт худалдан авсан байж болзошгүй гэх мэдээллийг нягтлах, Тавантолгойн ордод Ерөнхий сайдын садан төрөл тендер авахаар оролцож байгаа эсэх, төрийн албанаас иргэдийг олноор нь хоморголон ажлаас нь чөлөөлж байгаа мэдээллийг нягтлах тухай багтжээ. Харин ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан, Ж.Батсуурь, А.Тлейхан, Д.Оюунхорол, Д.Хаянхярваа нар багтсан байна. Тэд нэгдүгээрт, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн данхайж буйн учир, төрийн албан хаагчидтай холбоотой тоо баримтын зөрүүг нягтлах, хоёрдугаарт, Монгол Улсын алтны нөөц огцом нэмэгдсэний шалтгаан, бондын хөрөнгөөр алт худалдаж авсан эсэх, гуравдугаарт, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хамаатны дүүгийн гэх “Gobi Power” компани Тавантолгойн нүүрсийг тээвэрлэх тендерт шалгарсан эсэх асуудлыг шалгаж, дүнг ирэх лхагва гаригт болох бүлгийн хуралдаан дээр танилцуулах ажээ. Үүний тулд ажлын хэсгийнхэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Төрийн албаны зөвлөл, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Монголбанкинд очиж дээрх мэдээллийг тодруулах үүрэг хүлээсэн болохыг бүлгийн дарга Н.Энхболд мэдээллийнхээ үеэр онцоллоо.

Мөн тэрээр энэ долоо хоногт хэлэлцэх УИХ, УИХ-ын дэгийн тухай хуультай холбоотойгоор байнгын хороодод УИХ-ын гишүүд, ялангуяа МАН-ын бүлгийн гишүүдийн тэгш оролцоог хангахыг урьдын адил шаардаж ажиллахаа мэдэгдлээ. Сүүлийн 20-иод жилд УИХ-ын гишүүд ижил тэнцүү эрхтэйгээр байнгын хороодод хуваарилагдан ажилласаар ирсэн гэнэ. Гэтэл энэ удаагийн парламент энэхүү ардчиллын үнэт зүйлсээсээ ухарсан алхам хийж, цөөнхийн бүлгээс нэг гишүүн нэг л байнгын хороонд харьяалагдах, тэр тусмаа УИХ-ын Ёс зүйн дэд хороонд нэг ч гишүүн харьяалагддаггүй тухай мэдэгдлээ. Өмнөх парламентад УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга нь цөөнхийн бүлгээс томилогдож байсан, харин энэ парламентад цөөнх нь тус хороог удирдах нь байтугай төлөөлөл ч байхгүй байгаа. Тийм учраас хуулийн төслийг энэ долоо хоногоос эхлэн хэлэлцэх зайлшгүй шаардлагатай гэж байна.

Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол төрийн алба цомхон, чадварлаг, мэргэшсэн байдлаар ажиллах ёстойг онцолсон бол С.Бямбацогт гишүүн Засгийн газар төрийн албан хаагчдыг хоморголон халж буйг дурдаад агентлагуудын тоог цөөлсөн ч төсвөөс цалинжиж байгаа албан хаагчдын тоо нэмэгдэж байна гэв. Тухайлбал, зарим агентлаг төв болж нэрээ сольсон боловч доод тал нь 50, дээд тал нь 100 хүнтэй ажиллаж байгаа учир энэ асуудлыг шалгаж нягтлах шаардлагатайг онцолсон юм.

Харин сэтгүүлчид УИХ-ын гишүүн С.Баярцогтыг УИХ-ын дэд даргаас нь чөлөөлөөд сул гишүүнээр үлдээх тухай асуудал дээр бүлэг ямар байр суурьтай байна вэ гэдгийг тодруулахад бүлгийн дарга Н.Энхболд “Чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Баярцогт гишүүнийг УИХ-ын дэд даргаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх шатанд УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс завсарлага авсан. Завсарлага авах үндэслэлээ “Эхэлж энэ асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэх ёстой байна” гэж үзсэн. Тийм учраас УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос ямар шийдвэр гарах нь тэрийг хүлээнэ. Гэхдээ тус дэд хороонд УИХ дахь МАН-ын бүлгээс нэг ч гишүүн харьяалагддаггүй учраас бас шийдвэр гарах төвшинд төвөгтэй байгаа гэлээ.

Г.ДАРЬ

http://video.news.mn/video/10579.shtml

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж