Мөн бүлгээс Засгийн газарт хоёр хөрштэй харилцах эдийн засгийн бодлогоо ойлгомжгүй байдлаас гаргаж тодорхой болгохыг үүрэг болгосон аж. Энэ асуудлын хүрээнд ойрын хугацаанд төмөр зам, авто зам дээр ямар бодлого барихаа тодорхой дэвшүүлэх үүргийг Засгийн газар хүлээжээ. Түүнчлэн өнгөрсөн гуравдугаар сард Японы Ерөнхий сайд Монгол Улсад ажлын айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Монгол Улс, Япон улс хоёр эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болж шийдвэрлэсний дагуу ирэх тавдугаар сарын 1-нээс Төв аймгийн Хөшигтийн хөндийд баригдах олон улсын нисэх онгоцны буудлын ажлыг эхлүүлэх үүргийг Зам тээврийн сайдад өгчээ. Энэ асуудлаар сайд А.Гансүх мэдээлэл хийж, мөн 2006 онд анх яригдсан олон улсын нисэх буудал барих ажил юунаас болж саатсан талаар дэлгэрэнгүй тайлбар өгчээ. Тиймээс УИХ-д орж ирэх нисэх онгоцны буудал барихтай холбоотой зээлийн хэлэлцээрийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжих шийдэлд хүрсэн байна.
Гурав дахь асуудал нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбогджээ. Бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах ажиллагааг ирэх тавдугаар сарын эхний арав хоногт багтаан шийдвэрлэх ёстой гэсэн зарчмын шийдэлд хүрсэн аж. Ингэхдээ дээрх хоногт багтаан Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг зохион байгуулж нэр дэвшигчийг тодруулахаар болсон байна. Эцэст нь “Чингис бонд”-оор хийгдэх бүтээн байгуулалтын ажлын жагсаалтын талаар мэдээлэл сонсч, одоо ярьж цаг алдах бус ажлаа эхлүүлэх ёстой. Их бүтээн байгуулалтын ажлын эхлэл энэ хавраар эхлэх ёстой хэмээн үзжээ. Энэ талаарх мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд өгсөн юм.
-Монголбанк Чингис бондын мөнгөнөөс алт худалдан авсан байж болзошгүй гэж үзэн, ажлын хэсэг байгуулах шийдвэрт хүрээд байна. Танай намын бүлэг ажлын хэсэгт орохгүй гэсэн гэх. Ямар шалтгаанаар ажлын хэсэгт орох шаардлагагүй гэж үзсэн юм бэ?
-Ардын намын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах асуудлынхаа хүрээнд УИХ-аас завсарлага авсан шалтгааны нэг нь энэ. Ардчилсан намын бүлэг энэ асуудлаар өөрийнхөө байр суурийг тодорхой илэрхийлсэн. Учир нь Монголбанкны асуудал Ерөнхий сайдын асуудал угаасаа биш, төв банкны удирдлагыг УИХ-аас томилдог. Тийм учраас төв банкны асуудлыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэдэг хүний нэртэй шууд холбох боломжгүй. Өөрөөр хэлбэл, Монгол банкны асуудлаар, алтны асуудлаар, “Чингис бонд”-оор алт худалдан авсан тухай хардалтын асуудлыг хэлэлцэх эсэх нь УИХ-ын хувьд нээлттэй, ажлын хэсэг байгуулж Н.Алтанхуяг гэдэг хүнийг шүүх маягаар шийддэг юм биш. Зарчим нь ийм учраас.
-Тавантолгойн тендерт Ерөнхий сайдын хамаатан оролцсон байж магадгүй, үүнийг бас нягтална гэж цөөнхийн бүлэг үзэж байна?
-Ардын намын Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотойгоор тодруулахаар тавьсан гурван үндсэн шаардлагын нэгд, Алтанхуягийн ах, дүү компанийн тухай асуудал багтсан. Энэ хүрээнд ажлын хэсэгт Ардчилсан намын гишүүдээс орох уу гэж цөөнхийн бүлгээс асуусан, бид ч хариултаа өгсөн. Энэ бол ажлын хэсгийн хийдэг ажил биш, өөр өөрийн хариуцдаг субьект байж байхад УИХ дээр шүүх байдлаар ажлын хэсэг байгуулах нь биш ээ гэдгийг УИХ-ын даргад давхар хэлсэн. Тийм болохоор энэ бүх хардалт байгаа бол түүнийгээ Ардын намын бүлэг өөрсдөө ажлын хэсэг байгуулаад явах эрх нь нээлттэй. Тэр л зарчмаар яваг.