Цэнхэр гаригийн маань зулай болсон
хойд туйлд Монгол Улсын далбаа мандлаа. Энэхүү гэнэтийн бэлгийг уулын
спортын мастер, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр монголчууддаа өөрийн төрсөн
өдрөөр барьсан юм. Дэлхийн долоон ноён оргилын дөрөвт нь хөл тавьж
дэлхийн дээвэр гэгдэх Эверест, Килиманжарогийн оргилд гарсан Г.Өсөхбаяр
энэ удаа Монголын төрийн алтан соёмбот далбааг дэлхийн зулайд мандуулж
чадлаа. Ингэхдээ бүр төрсөн өдрөөрөө шүү. Тэгэхээр Г.Өсөхбаярыг аз нь
гийсэн хүн гэхгүй өөр юу гэх вэ. Гэхдээ ямар ч аз амар хялбар аргаар
олддоггүй. Тэрбээр энэхүү аялалдаа удаан хугацаагаар бэлтгэсэн бөгөөд
бэлэн болсон үедээ МонголУлсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Монгол
Улсынхаа төрийн далбааг бахархалтайяа гардаж аваад хойд туйлыг зорьж
байсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гавьяат тамирчин
Г.Өсөхбаяртай уулзах үеэрээ Лондонгийн зуны олимпийн дэвжээнд мандуулж
байсан төрийн далбааг гардуулж байсан. Тэр үед гавьяат тамирчин
Г.Өсөхбаяр “Аяллаас аялалд, оргилоос оргилд хүрэхэд 2.8 сая монголчууд
зүрх сэтгэлд минь багтаж явдаг юм. Улсаа төлөөлж дэлхийн зулайд төрийн
далбаагаа мандуулна гэдэг бол асар их хариуцлага юм” хэмээж байсан.
Тэгвэл тэр зүрхэндээ тээж явдаг монголчуудаа дэлхийн зулайд даатгаж
чадлаа. Түүний ахалсан багийнхны аяллын зам саад бэрхшээл ихтэй, мөс
хайлмагтаж, хагарсан хэсэг нэлээдгүй байсан ч тэд зорьсондоо хүрсэн.
Р.САРАНГОО
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
