Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард намын даргаар сонгогдоод байсан Л.Наранбаатарыг хүлээн зөвшөөрөхгүй, хууль бусаар томилогдсон хэмээн эсэргүүцэж байсан Дарханы ардчилагчид түүнийг хүлээн зөвшөөрч хоёр тамга, намын хоёр байраа албан ёсоор нэгтгэжээ. АН-ын шинэчилсэн дүрмийн төслийн хэлэлцүүлэг тус аймагт болох үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь аймгийн намын удирдлагуудтай эвлэрлийн гэрээ байгуулж, илүү тамгаа хураалгаж, намын байраа нэгтгэх үүрэг өгсөн байна. Энэ дагуу тэд асуудлаа нэг тийш нь зохицуулж чаджээ. Одоо тус аймгийн АН-ын даргаар Л.Наранбаатар, дэд даргаар Г.Гантулга, Г.Баянмөнх, М.Төмөртогоо, С.Чинзориг нар ажиллаж байгаа юм байна.
Энэ үер мэдээлсэн бас нэг асуудал нь Орон нутгийн сонгуулийн маргаан байв. Өнөөдрийн байдлаар тус аймагт МАН олонх буюу 18 суудалтай засгийн эрх барьж байгаа аж. Харин АН 11 суудалтай цөөнхийн үүргийг гүйцэтгэж байгаа гэнэ. Тэдний хэлж буйгаар АН олонх болох боломж байгаа гэнэ. Учир нь тус аймгийн зургаан тойрогт маргаан үүссэн байтал тойргийн хороо уг асуудлыг нэг тийш нь шийдэлгүй тойргийн хороог татан буулгажээ. Харин АН-ынхан үүнийг эсэргүүцэж Захиргааны хэргийн шүүхэд хандаж тойргийн хорооны тогтоол хууль бус хүчингүй болохыг баталгаажуулсан гэнэ. Мөн маргаантай байгаа зургаан тойргийн хоёрт нь шүүхийн эцсийн шийдвэр гарч МАН-аас нэр дэвшигч иргэдийн саналыг хууль бусаар авсан нь тогтоогдсон байна. Мөн үлдсэн маргаантай дөрвөн тойргийн хоёрт нь ялалт байгуулах бүрэн боломжтой байгаа ажээ.
Орон нутгийн сонгуульд энэ мэт амжилтгүй оролцсонд намын таагүй уур амьсгал нөлөөлсөн гэдгийг тэд хэлж байсан юм. Тиймээс “эвлэвэл бүтнэ, ховловол гутна” гэдэгчлэн ийн зүрх зориг, хүчээ нэгтгэн Ерөнхийлөгчийн сонгуульд орохоор ажилдаа ороод байгаа гэнэ. Тэд энэ удаад ялалт байгуулна гэдэгтэй итгэлтэй байгаадаа эргэлзэхгүй байгаагаа дуулгалаа.