Монголбанкинд шалгалт хийнэ гэв

Хуучирсан мэдээ: 2013.04.22-нд нийтлэгдсэн

Монголбанкинд шалгалт хийнэ гэв

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж дууслаа. Бүлгээр энэ удаад өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авсан Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой асуудлын хүрээнд бүлгээс ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсноо сэтгүүлчдэд мэдээллээ.

Бүлгийн дарга Н.Энхболдын тайлбарласнаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг чуулганаар хэлэлцэх шатанд тус намын бүлэг гурван асуудлыг тодруулах шаардлагатай болсон гэнэ. Тухайлбал, “Чингис бонд”-ын мөнгөөр Монголбанк алт худалдан авсан байж болзошгүй гэх мэдээллийг нягтлах, Тавантолгойн ордод Ерөнхий сайдын садан төрөл тендер авахаар оролцож байгаа эсэх, төрийн албанаас иргэдийг олноор нь хоморголон ажлаас нь чөлөөлж байгаа мэдээллийг нягтлах. МАН-ын бүлгээс тодорхой тоо хэлэхээр түүнийг нь Ерөнхий сайд болон бусад сайд нар няцааж, зөрүүтэй мэдээлэл цацагдсан тул Төрийн албаны зөвлөлөөс энэ талаар тодорхой мэдээлэл авах, нягтлан шалгах шаардлагатай хэмээн үзжээ. Улмаар энэ хүрээндээ тус намын бүлэг УИХ-ын даргад албан бичиг илгээж, УИХ-ын зүгээс ажлын хэсэг байгуулан дээрх гурван чиглэлээр шалгалт хийх хүсэлтээ хүргэсэн ч УИХ-ын дарга “Боломжгүй” гэх хариултыг өгсөн аж. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг дангаараа есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ирэх пүрэв гаригаас урьтаж дээр дурдсан гурван асуудлын хүрээнд холбогдох газруудад шалгалт хийж, мэдээллийг нягтална гэлээ. Үүнд Монголбанк, “Эрдэнэс тавантолгой” компани, Төрийн албаны зөвлөл зэрэг гурван газарт ажлын хэсгийнхэн хүрч очиж ажиллах юм байна.

Бүлгээр хэлэлцсэн бусад асуудлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэж хүргэнэ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж