
-Орон нутгийг хөгжүүлэх сангаас нийслэлд хэчнээн тэрбум төгрөг төвлөрсөн бэ. Энэ мөнгөө дүүргүүдэд хуваарилсан уу?
-Орон нутгийг хөгжүүлэх сангаас нийслэлд 41 тэрбум төгрөг хуваарилагдаж ирсэн. Уг сангийн журмыг Засгийн газраас баталсан юм. Энэ дагуу дээрх журам болон Төсвийн тухай хуулинд нийцүүлэн есөн дүүрэгт мөнгөө хуваарилаад байна. Хуульд заасны дагуу хүн амын тоо, газар нутгийн хэмжээ зэрэг дөрвөн шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэж мөнгийг харилцан адилгүй өгсөн. Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг хамгийн олон хүн амтай учир тус бүр дөрвөн тэрбум гаруй төгрөг хуваариллаа. Налайх дүүрэгт хамгийн бага буюу тэрбум гаруй төгрөгийг орон нутгийг хөгжүүлэх санд нь төвлөрүүлсэн. НИТХ-ын тэргүүлэгчдээс орон нутгийн сангийн мөнгөний хуваарилалтыг хийж дуусаад байна. Одоо дүүргүүд иргэдээс санал аваад явж байгаа. Дүүргүүд НИТХ рүү ажлын тайлангаа ирүүлсэн. Бүх ажил хэвийн явж байна.
-Ажлын тайлан ирүүлсэн гэж байна. Гэтэл дүүрэг, хороодод очоод сурвалжлага хийхээр байдал тэс өөр байсан. Өөрөөр хэлбэл, иргэд ямар ч мэдээлэлгүйн дээр хорооны Засаг дарга нь ч уг мөнгийг юунд ашиглах талаар мэдэхгүй байна лээ.
-Орон нутагт төсвийн эрх мэдэл шилжиж байгаа тохиолдол манайд анх удаа болж байна. Шинэ шинэлэг ажил учраас иргэдэд сурталчлан таниулахад цаг хугацаа нэлээд шаардагддаг юм байна. Засч залруулах, өөрчлөх ёстой зүйл олон бий. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Төсвийн тухай хууль шинээр батлагдсан. Аймаг, сум, дүүргүүд тодорхой хэмжээний мөнгөтэй болоод ирэхээр түүнийг хэрхэн захиран зарцуулах уу, иргэдийн оролцоог яаж хангах юм зэрэг асуудал тулгарч байна. Иргэдийн оролцоог бий болгохын тулд дан ганц хурал зохион байгуулах биш, тэднийг цуглуулж мэдээллээр хангаж, хийх ажлын санал авч, санал хураалт явуулах юм. Үүний дараа хамгийн олон санал авсан ажлыг дарааллаар эрэмбэлж, иргэдийн нийтийн хурлаараа батлах ёстой. Энэ тал дээр алдаа гаргаж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ ажил улс орон даяар хэрэгжиж буй томоохон дэвшил шүү дээ. Тиймээс НИТХ-аас уг ажилд цаашид илүү анхаарахаар бэлтгэж байгаа. Дүүрэг, хороо бүрт тулгамдаж буй асуудлыг судалж байна. Зарим хороо дүрмээ батлаагүй, иргэдийн нийтийн хурлаа хийхгүй байна гэсэн гомдол бидэнд ирж байгаа. Аливаа шинэ ажил эхлэхэд янз бүрийн хүндрэл бэрхшээл тулгардаг. Үүний буруутныг хайхаас илүүтэйгээр бүх талаас нь авч үзэж, орон нутагт төсвийн эрх мэдэл шилжсэн талаарх мэдээллийг илүү хүртээмжтэй болгох шаардлагатай байгаа.
-НИТХ-аас дүүргүүдэд хуваарилсан орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгөний зарцуулалтад хэрхэн хяналт тавьж байна вэ?
-Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд дүүргүүдийн дотоод аудитын албад хяналт тавина. Иргэд ч хяналт тавих эрхтэй болсон. Хорооны иргэдийн нийтийн зар мэдээ, дүрэм зэрэг төсөл хэлбэртэй явж байгаа. Энэ бүхэн амьдралд маш хэрэгтэй. Хуулинд хорооны иргэдийн нийтийн хурлыг хэрхэн зохион байгуулах талаар тусгасан ч үе шат бүрийг нь тусгаж өгөөгүй. Тиймээс хорооны иргэдийн нийтийн хурлын дүрмийг нэн даруй батлах шаардлагатай. Мөн иргэдэд зар мэдээ хүргэж буй журмыг тодорхойлох ёстой.
-Төсвийн тухай шинэ хууль хэрэгжээд гурван сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бүх хорооныхоо Засаг даргыг томилоогүй дүүрэг ч байна. Орон нутгийн хөгжлийн санд төвлөрсөн мөнгөө энэ жилдээ багтааж ашиглахгүй бол эргүүлж татах заалт бий байх аа?
-Сонгуулийн жилтэй холбогдуулан цэгцэрч амжаагүй хороод бий. Хорооны иргэдийн нийтийн хурлаа хийгээгүйгээс Засаг даргаа сонгоогүй хороо байгаа. Төсвийн тухай хуульд орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрсөн мөнгөө энэ ондоо багтааж ашиглах ёстой. Хэрэв ашиглаагүй бол эргүүлж татах заалт байгаа.
-НИТХ-ээс дүүргүүдийн удирдлагуудад ямар чиглэл өгч ажиллаж байна вэ. “Шууд ардчилал-Иргэний оролцоо”-ны жилийн хүрээнд сургалт, семинар болж байгаа ч манайхан шинэ зүйл дадахдаа муу шүү дээ.
-Энэ талаар анхаарч байгаа. НИТХ орон нутгийн өөрөө удирдах байгууллагын хувьд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх тухай хуулинд заасан байдаг. Энэ дагуу НИТХ-ын Ажлын албаны дэргэд Иргэний оролцооны хэлтэс байгуулагдсан. Эл хэлтэс нийслэлийн есөн дүүрэг, 152 хорооны удирдлагуудтай байнга уулзаж, албан бичиг явуулж байгаа. Тухайлбал, бүх дүүргүүдийн иргэдтэй уулзаж сургалт зохион байгуулах ажлыг хийж байна. Дүүргийн удирдлагуудтай НИТХ-ын дарга сар бүр уулзаж, чиглэл өгдөг. Иргэдтэй уулзалт хийхэд орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгөтэй холбоотой санал гомдол их хэлдэг. Нийслэлийн 12-00, 12-34 тусгай дугаарын утсанд ирж буй саналуудын дийлэнх нь дээрх асуудалтай холбоотой байна. Тухайлбал, нэг хороо ойролцоогоор 10 орчим мянган хүнтэй гэж бодъё. Гэтэл бүх иргэнээс санал авах боломж төдийлэн хомс. Цаг хугацаа маш их шаардана. Хурал зохион байгуулах байр савнаас эхлүүлээд бэрхшээл их бий. Тиймээс төлөөллийн түүврийн арга хэрэглэхээс өөр аргагүй. Цаашид амьжиргааны болон мэдээлэл технологитой харьцдаг төвшин дээшлэх тусам санал авах арга илүү болох байх. Үүнээс гадна цаасаар санал авах арга бас байж болно.
-Ардчиллын өлгий нутаг Швейцарт очиж туршлага судлаад ирсэн гэсэн. Тэндхийн жишээнээс манайд хэрэгжүүлэх боломж байна уу?
-Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Ерөнхийлөгчийн Иргэний танхим, Сонгуулийн ерөнхий хороо, Удирдлагын академи, МУИС, Шууд ардчиллын хүрээлэнгийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэй Швейцарт шууд ардчилал хэрхэн хэрэгжиж байгааг судлаад ирлээ. Мөн Зүүн Европ, Латин Америкийн орнуудад болон монголтой адилхан системтэй байсан улсад шууд ардчилалыг хэрэгжүүлэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байсан талаар сургалтад суусан. Манайд тулгарч буй асуудал дээрх улсуудад уг ажлыг анх хэрэгжүүлж эхэлж байхад гарч байсан юм билээ. Тэдний хэлж буйгаар “Танай оронд ардчилал хөгжөөд 20 гаруйхан жил болж буй гэхэд дэвшилттэй байна. Хурал зөвлөлгөөн хийж байсан аж ахуй амьдралын хэвшлийн дадал манайд байхгүй. Гэтэл дээрх улсууд ган гачиг, байгалийн гамшиг болохоор сүм дээрээ цугларч хаана юу хэрэгтэй байгааг ярилцдаг байсан юм билээ. Ийм соёл эртнээс байсан учир шууд ардчилал хөгжих гол үндэс суурь болсон. Гэтэл Монголд ийм соёл байгаагүй. Гэсэн хэдий ч манайд үүнийг хэрэгжүүлж эхэлж байгааг сайшаасан”.
Үндсэн хуульд бүх эрх ард түмний гарт байна гэж заасан. Гэтэл өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд тодорхой тооны эрх мэдэл бүхий албан тушаалтнууд төлөөллийн ардчиллын зарчмын дагуу ардчиллын үндсэн шийдвэр гаргах эрх хумигдаж, цөөн хүний шийдвэрээр явдаг систем тогтоод байсан. Тухайлбал, УИХ-ын 76 гишүүний 39-ээс дээш нь ирвэл ирц хүчинтэй гэдэг. 30 гаруй хүн сууж байгаад улс орны хэмжээний томоохон хуулиудыг баталж байна. Тиймээс шууд ардчиллын зарчмаар иргэд өөрсдөө төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцдог байхгүй бол болохгүй байгаа. Энэ мэт төлөөллийн ардчиллын сул талыг шууд ардчиллаар нөхөж явах шаардлагатайг бүх шатныхан ойлгож эхэлсэн.