Эдийн засаг эмзэг хэвээр байна гэв

Хуучирсан мэдээ: 2013.04.22-нд нийтлэгдсэн

Эдийн засаг эмзэг хэвээр байна гэв

Монгол Улсын эдийн засгийн байдалд бүхэлд нь “эмзэг” гэсэн үнэлгээг гадаад дотоодын эдийн засагчид өгчээ. Хэдийгээр эдийн засаг сүүлийн жилүүдэд өндөр хувиар өсч буй ч түүнийгээ удаан хугацаанд барьж чадахгүй гадаад, дотоодын хүчин зүйлийн нөлөөнөөс болж байнгын хэлбэлзэлд орж байдаг учраас ийн үнэлсэн гэдгийг Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх Д.Ган-Очир хэлж байна. Түүний хийсэн судалгаагаар манай улсын эдийн засаг гадаад шоконд өртөмтгий төдийгүй дотооддоо төсвийн эмзэг байдал илүү давамгайлж байдаг ажээ. Өнгөрсөн оны эдийн засгийн үзүүлэлтээс харахад манай улсын нийт экспортын 90.8 хувийг түүхий эдийн экспорт эзэлж буйн дээр гадаад худалдааны тэнцэл нь ДНБ-ний 23.6 хувийг эзэлжээ. Энэ нь дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэл манай улсын эдийн засагт шууд нөлөөлөх эрсдлийг дагуулсан хэвээр байгааг харуулна. Үүнээс болж эдийн засгийн гадаад шоконд орох эрсдэл өндөртэй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Улсын төсвийн тэнцэл ДНБ-ний 6.7 хувь, Засгийн газрын өр ДНБ-ний 49.6 хувьтай тэнцэж буй бол зайлшгүй шаардлагатай зардал нийт зардлын 75 хувийг эзэлж байгаагийн дээр түүхий эдийн орлого нийт орлогын 32.9 хувийг эзэлдэг гэхчилэн төсвийн эмзэг байдлыг илтгэх үзүүлэлт олон байгаа ажээ. Түүнчлэн мөнгө валютын ханшны эмзэг байдал дунд зэргээс өндөр эрсдэл рүү шилжиж магадлалтайг эдийн засагч онцолж байлаа. Энэ нь валютын ханшийн уян хатан байдал харьцангуй сул, инфляци хоёр оронтой тоо /2012 оны байдлаар/-ноос буугаагүй зэргээс шалтгаалж буй ажээ. Харин манай улсын хувьд санхүү банк, нийгмийн салбар нь эрсдэлд өртөх магадлал харьцангуй бага буюу эмзэг байдал нь дунд зэрэг гэсэн үнэлгээ авчээ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж