Бостоны марафон гүйлтийн үеэр дэлбэрэлт үйлдсэн гэх сэжигтэн террористуудын нэр албан ёсоор тогтоогдлоо. Тэд АНУ-д амьдардаг чеченийн уугуулууд болох баасан гаригт алагдсан 26 настай Тамерлан Царнаев, түүний дүү 19 настай Жохар нар юм. Жохарыг баасан гаригийн орой баривчилжээ.
Миодраг Шорич
Өмнө нь Хойд Кавказад амьдарч байсан Тамерлан, Жохар Царнаевын гэр бүлийнхэн нэлээд хүнд амьралтай байсан нь ойлгомжтой. Тэд дайны гашууныг биеээрээ амсч, хүчирхийлэл, хагацалтай тулгарсан нь гарцаагүй. Дараа нь АНУ-д ирж, шинэ амьдралтай болох боломжтой болжээ. Гэвч ах, дүү хоёр барууны нээлттэй нийгэмд байр сууриа олж чадсангүй. Оронд нь тэд өөрт олгогдсон эрх чөлөөгөө энэ аймшигт хэргийг үйлдэхэд ашиглажээ.
Бостоны аллага Америкийг өөрчиллөө. Америкчууд ирээдүйд дахин ийм хэрэг гаргахгүйн тулд юу хийх ёстой вэ гэсэн асуулттай тулгарч байна. Гэмт хэрэгтэн байж болох сэжигтнүүдийг богино хугацаанд олж, илрүүлж чадлаа. Үүнд АНУ-ын томоохон хотуудын гудамжинд байрлуулсан олон тооны ажиглагч камерууд ихээхэн тус болов. Цаашид хүмүүсийн ихээр цугладаг газруудад эдгээр камерыг нэмж байрлуулах нь зайлшгүй.
Ах, дүү Царнаевыг олж илрүүлэхэд Америкийн бараг хүн бүрт байгаа смартфон чухал үүрэгтэй байлаа. Хотын оршин суугчид гар утсаар авсан зургуудыг цагдаагийнханд илгээсэн нь мөрдөн байцаалтад тус болжээ. Хүмүүсийн тусламжгүйгаар тэднийг тийм амархан олж тогтоож чадахгүй байсан гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Улс орны аюулгүй байдлын асуудал яригдаж байгаа болохоор америкчуудын хууль хяналтын байгууллагынханд туслах эрмэлзлэл нь маш чухал. Одоо америкчууд аюулгүй байдлын төвшинг шаардлагатай хэмжээнд барихын тулд эрх чөлөөнд хязгаарлалт тавих ёстойг хүлээн зөвшөөрч байна.
Одоогоор Бостон, Уотертауны иргэд террористууд алагдсан, баривчлагдсанд нь баяртай байгаа. Тэд шөнө орой гудамжинд гарч энэ үйл явдлыг дэмжлээ. Чөлөөт нийгэмд аюулгүйн 100 хувийн баталгаа байхгүй гэдгийг тэд хэсэг зуур мартсан байлаа.
Энэ тухай АНУ-ын хэвлэл мэдээлэл, дүү Жохарын хамт аллага хийсэн гэх Тамерланы ойр дотны хүмүүсийн ярианаас иш татан мэдээлж байна.
Тамерлан Царнаев нь пүрэв гаригийн орой Бостоны дүүрэгт цагдаагийнхантай буудалцах үеэр алагдсан байв. Мөн тэр районд хийсэн цагдаагийн өргөн цар хүрээтэй ажиллагааны явцад шархдаад байсан Жохар Царнаевыг баасан гаригт баривчилжээ.
ABC телевизийн Махачкала хотоос хийсэн сурвалжлагад 26 настай Тамерлан Царнаевыг шашны хэт даврагч үзэлтэн болсных нь төлөө төрөлх авга ах нь гэрээсээ хөөсөн байжээ. Тэр мэдээг нэрээ хэлэхийг хүсээгүй Царнаевынхны хамаатан нэгэн телевизид ярьжээ. Өнгөрсөн жилд Дагестанд зургаан сар болсон Тамерлан “хэт даврагч үзлийг АНУ-аас авсан” гэж тэр ярьжээ.
Эцгийн талынх нь ах нар болох АНУ-д амьдарч байгаа Руслан, Алви хоёр ч мөн иймэрхүү утгатай зүйл ярьжээ. Тэд овгоо Царни болгон өөрчлөөд Мериленд мужийн Монтгомери-Виллиж гэх Вашингтоны ойролцоох сууринд амьдарч байна. Руслан Царни уг гэмт хэргийг буруутгаж, амь үрэгдэгсэд ба шархадсан хүмүүсийн ар гэрээс уучлалт гуйсан байв. Мөн 19 настай Жохар Царнаевыг эрх баригчдад бууж өгөхийг шаарджээ. Дараагийн өдөр нь тэр ярихдаа 2009 онд Тамерлантай утсаар ярих үеэр түүнийг шашны хэрэгт оролцох болсныг нь мэдээд түнжин хагарсан гэжээ. Түүнийг ажил хийж, суралцах хүсэлгүй байна гэж Руслан загнасан гэнэ. Мөн тэрээр тэдний гэр оронд ойр хүнээс Тамерлан лалын шашинд орсон нь үзэл бодолд нь нөлөөлсөн гэж сонссон гэв. Үүнээс хойш Руслан түүнтэй холбоогоо тасалсан байжээ. Алви Царни ярихдаа “хамаатан саднуудын зөрөлдөөн” гэл бүлийг нь салган тусгаарласан гэж мэдэгдсэн байна.
Жохар Царнаевыг баривчилсны дараа Цагаан ордноос ерөнхийлөгч Барак Обама ярихдаа тусгай албаныхан энэ хэргийг маш нарийн мөрдөн байцааж, яагаад ийм хэрэг гарсныг олж тогтооно гэж баасан гаригийн орой мэдэгджээ. “Хариултгүй олон асуудал байгаа”-г ч тэр хүлээн зөвшөөрөв.
Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр Анзор ба Жохар Царнаев хууль дүрмийн дагуу 2002 оны дөрөвдүгээр сард гурван сарын жуулчны визтэйгээр АНУ-д иржээ. АНУ-д ирмэгцээ Анзор Царнаев улс төрийн орогнол хүссэн нь түүний бага насны хүү Жохарт хамаатай байлаа. Тамерлан хожим АНУ-д ногоон картаар очжээ. Тэд хоёул Киргизстанд төрсөн байна.