Б.Номин хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.04.21-нд нийтлэгдсэн

Б.Номин хүрэл медаль хүртлээ

Энэтхэгийн нийслэл Нью Дели хотноо бөхийн чөлөөт барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Ази тивийн 20 орны тамирчин зодоглож буй тус тэмцээнд Монголын баг бүрэн бүрэлдэхүүнээр буюу чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд тамирнаа сойж буй юм. Тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр буюу 18-нд сонгомол бөхийн 55, 60, 66, 120 кг-ын жинд аваргууд тодорсон бол 19-нд сонгомол бөхийн үлдсэн жин, мөн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан болсон билээ. Монголын баг тамирчдын салхийг хагалж, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Э.Нарангэрэл барилдсан. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы Аяано Сүзүкид ялагдсанаар шагналт байрт шалгарсан юм.

Харин өчигдөр эрэгтэйчүүдийн 55, 60 кг, эмэгтэйчүүдийн 51 ба 55 кг-ын жинд аваргууд тодорсон юм. Эдгээр жинд Монголын баг тамирчдаас Б.Номин /55 кг/, Б.Баянмөнх /60 кг/, Э.Даваачимэг /51 кг/, С.Бямбацэрэн /55 кг/ нар Азийн аваргын дэвжээнд хүч сорьсноос залуу тамирчин Б.Номин хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний барилдаанд БНСУ-ын бөх Ким Сун-Гвоныг ялж, удаахь барилдаанд БНАСАУ-ын тамирчин Ил Ян Кёонд дийлджээ. Ингээд дагах барилдаанд зодоглож, Киргизстан, Хятадын бөхчүүдийг ялснаар хүрэл медалийн тавцанд гарсан байна.

Мөн өчигдөр тивийн аваргын дэвжээнд барилдсан Б.Баянмөнх Шри Ланкийн бөхийг ялсан ч Казахстаны тамирчинд ялагдаж тэмцээнээ дуусгасан бол Э.Даваачимэг, С.Бямбацэрэн нар хоёул медалийн төлөөх барилдаанд дийлджээ.

Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эмэгтэйчүүдийн 59, 63, 69, 72 кг, эрэгтэйчүүдийн 120 кг-ын жингийн барилдаан болно. Эдгээр жинд Ж.Чулуунбат /120 кг/, Т.Мөнхтуяа /59 кг/, Ш.Түмэнцэцэг /63 кг/, О.Насанбурма /67 кг/, Б.Одончимэг /72 кг/ нар барилдах юм.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж