Дэлхийн дээвэр Эверестийг эзэлж байсан эр зоригийн баатар ийнхүү бөөрөнхий дэлхий, бөмбөрцгийн зулайд Монгол хүний мөрийг тамгалав.
Тэрээр дөнгөж сая “Иридиум” сансрын холбоогоор аяллыг санаачлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбогдож, энэхүү баярт мэдээг дуулгасан байна. Г.Өсөхбаяр энэ талаар бидэнтэй холбогдож, мэдээлэл өгснийг хүргэе.
Г.ӨСӨХБАЯР:
-Монголын цагаар 20.30 цагт Хойд туйлын 90 градуст хүрч, гол зорилгоо биелүүллээ. Энэ талаар аяллыг санаачилсан Монгол Улсын Ерөнхийлөгчид мэдээлж, төрийн тэргүүнээрээ төлөөлүүлэн Монголын нийт ард түмэндээ баярт мэдээг хүргэж байна. Маш их баяртай байна. Ерөнхийлөгч “Зорьсон зорилгоо биелүүлж, эх орон, ард түмнийхээ итгэлийг дааж, дэлхийн зулайд эх орон, ард түмнийхээ итгэл шингэсэн далбааг мандуулсанд баяр хүргэе. Энэ үйл түүхэн үйл явдал Монгол хүн бүрийн хийморь лундааг сэргээх болтугай. Монгол хүн анх удаа Хойд туйл, дэлхийн бөмбөрцгийн 90 градусын цэгт хүрч, Монголын ард түмэн бас нэгэн бахархалтай болсонд баяртай байна. Аяллаа амжилттай үргэлжлүүлж, эх орондоо удахгүй уулзахын ерөөл өргөе” гэлээ. Мөн аяллын багийн ахлагч Монгол Улсын Ерөнхийлөгчтэй холбогдохыг хүсч, тэд хоорондоо ярилаа. Манай багийн ахлагч Keith Heger Ерөнхийлөгчтэй ярихдаа, “Монгол хүний тэсвэр тэвчээр, хүч чадлыг уулчин Г.Өсөхбаяраар төлөөлүүлэн ойлгож, бахархаж байна. Бид маш сайн аялж, зорьсон зорилгоо хамтын хүчээр биелүүллээ. Багийн гишүүдийн биеийн байдал сайна байгаа. Тамирчнаа дэмжиж Хойд туйлын эрсдэлтэй аялалд явуулсан Эрхэм Ерөнхийлөгч танд талархаж байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа. Хойд туйлын 90 грудусын энэ цэг дээрээ манай багийнхан хоёр хононо. Тэгээд Норвеги руу нисч, тэндээсээ ирэх долоо хоногт эх орондоо очино.
Гавьяат тамирчин Г.Өсөхбаярын баг долоон хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд энэ удаагийн аялалын зам саад бэрхшээл ихтэй, мөс хайлмагтаж, хагарсан хэсэг нилээдгүй байсан талаар багийнхан ярьж байна. Хэдийгээр тус багийнхан маргааш 90 градусын цэгт очихоор тооцоолж байсан боловч өнөөдөр тохиож буй Монголын уулчин Г.Өсөхбаярын төрсөн өдөрт зориулж, аяллаа шахаж, түүний төрсөн өдрөөр зорьсон газраа хүрч, бэлэг барьжээ.