Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийг дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мөн төсвийн байгууллагын урсгал зардал, орон тоог нэмэгдүүлэхгүй, төсвөөс олгох татаас, урамшууллыг хавтгайруулан олгохгүй байх, улсын төсвөөс санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг “Чингис бонд”, Хөгжлийн банк, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжигдэж буй хөрөнгө оруулалттай уялдуулан оновчтой тогтоох зэргийг төсвийн ерөнхийлөгч захирагч нарт даалгалаа.
Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь урт хугацаанд макро эдийн засаг, төсвийн тодорхой байдлыг хангах замаар эдийн засгийн тогтвортой өндөр өсөлтийг дэмжихэд чиглэгдэх юм. Зэс, алтны ордуудын үйлдвэрлэл нэмэгдэж, газрын тос, төмрийн хүдрийн олборлолт өсөх хандлагатай байгаа нь уул уурхайн салбарын үйлдвэрлэлтийг нэмэгдүүлж, улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжсэнээр эдийн засаг 2013 онд 16.0 хувиар өсөх төлөвтэй байна. Харин инфляцийн түвшинг дунд хугацаанд харьцангуй тогтвортой, 2014-2016 онд 6 орчим хувьд байлгахаар тооцжээ.
Монгол Улсын Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүнг 2014 онд 7,270.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.0 хувь, 2015 онд 8,210.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.1 хувь, 2016 онд 9,456.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 30.4 хувь байхаар төсөөлж байна. Харин төсвийн зарлагын хувьд 2014 онд 7,270.0 тэрбум төгрөгт буюу ДНБ-ий 35.0 хувьд хүрэхээр төсөөлжээ. Нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 2015 онд 8,210.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.1 хувь, 2016 онд 9,456.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 30.4 хувьтай тус тус тэнцэхээр байгаа юм.
Дунд хугацаанд баримтлах төсвийн бодлогыг тодорхойлохдоо Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй эрсдлүүдийг тооцож, төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах, ДНБ-д эзлэх төсвийн алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр дунд хугацаанд үе шаттай бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн татварын орчныг бүрдүүлэх замаар төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, цалин тэтгэвэр, тэтгэмжээс бусад урсгал зарлагын өсөлтийг хязгаарлан эрэлтээс шалтгаалсан инфляцийн хөөрөгдлийг бий болгохгүй байхыг зорьжээ.
“Оюу толгой” ХХК-ийн баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор, бүтээгдэхүүнээ энэ оны зургадугаар сард экспортод гаргахаар төлөвлөж байна.. Оюу толгой компанийн баяжмалыг төлөвлөсөн цаг хугацаанд нь экспортлох боломжийг бүрдүүлэхийн тулд төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Төслийн бүтээн байгуулалтад шаардлагатай газар олголт, газар эзэмшүүлэх, ашиглах эрх, Оюутолгой-Гашуун сухайт чиглэлийн автозам, гадаад ажиллах хүчний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, баяжмалын гаалийн бүрдүүлэлт, байгаль орчин, ус, цахилгаан станц, хөндлөнгийн хяналтын лаборатори, дэд бүтцийн корридор зэрэг тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт үүрэг болголоо.
Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн 2012 оны хэрэгжилтийн байдалд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
2012 оны эцэст УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл зэрэг 4992 шийдвэрийн 7526 заалтыг хяналтад авч ажилласан нь 81.6 хувийн биелэлттэй байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал хяналтад авсан шийдвэрийн тоо 1007-оор нэмэгдэж, нийт дүнд биелсэн арга хэмжээний эзлэх хувь 17.1 пунктээр өсчээ.
УИХ, Засгийн газрын тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж зэрэг 164 шийдвэрийн 312 заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажилласнаас 122 заалт буюу 39.1 хувь нь биелж, 190 заалт хэрэгжих шатанд, 16 арга хэмжээний хэрэгжилтийн явц удаашралтай байна. Засгийн газрын 4828 шийдвэрийн 7214 заалтыг хэрэгжүүлэхээс 2829 заалт нь биелж, 4316 заалт хэрэгжих шатанд байгаа бол тасарсан болон хэрэгжилтийн явц удаашралтай 13 арга хэмжээ байгааг дурджээ. Мөн Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт 82.0 хувьтай, яам болон Шадар сайдын ажлын албаны тогтоол шийдвэрийн биелэлт 82.6 хувьтай, агентлагууд 56 шийдвэрийн 82 арга хэмжээнд хяналт тавьж ажилласан нь 80.0 хувийн биелэлттэй байна гэлээ.
Зарим аймгууд тогтоол, шийдвэрийн заалтыг орхигдуулж тайлагнасан, тухайн жилд хийсэн ажлаа тайлагнахгүй, хэзээ хийсэн нь тодорхой биш ажлуудыг ирүүлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажлын гүйцэтгэлийг газар дээр нь шалгах, бодит байдлыг тогтоох ажил хангалтгүй байна. Иймээс Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, тайлант хугацаанд хийсэн ажлаа бодитойгоор гаргах, 2012 оны эцсийн байдлаар тасарсан, хэрэгжилт нь удааширч байгаа заалтуудыг хэрэгжүүлж ажиллахыг сайд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.