Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахтай холбоотой асуудлыг чуулганаар хэлэлцэж, санал хураах мөч ойртоход УИХ дахь МАН-ын бүлгээс завсарлага авсан билээ. Тэгвэл энэхүү завсарлага авсан шалтгаан нь хэд, хэдэн зүйлийг тодруулахтай холбоотой байсан аж. Тухайлбал, яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын улсын төсвөөс цалинжиж буй ажиллагсдын тоог 2012, 2013 оноор харьцуулан үнэн бодитой гаргах шаардлага үүсэн. Мөн Монголбанк “Чингис” бондын хөрөнгөөр алт худалдан авсан эсэх, авсан бол үнийн зөрүүгээс алдагдал хүлээсэн эсэхийг тодруулах ёстой гэж үзжээ. Гурав дахь тодруулах шаардлагатай асуудалд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хамаатны дүүгийн гэх “Gobi Power” компани “Тавантолгой” ХХК-тай гэрээ байгуулсан эсэх, ийм гэрээ байгуулсан бол сонгон шалгаруулсан тендер нь хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлах шаардлага байна гэж үзэн, улмаар УИХ-ын даргад хандан албан бичиг илгээсэн аж. Харин УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаад дээр нэр дурдсан асуудлыг нягтлах ажлын хэсэг байгуулах шаардлагагүй хэмээн үзжээ. Бүлгийн хувьд ажлын хэсэг байгуулж ажилласнаар завсарлага авсан тав хоногийн хугацаанд дээрх асуудлуудыг нягтлаж дүнг нь УИХ-д танилцуулах зорилготой байжээ.
Г.ДАРЬ