Ж.Вердийн алдарт дуурь “Риголетто”-г энэ сарын 20-нд 17.00 цагт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна. Гурван бүлэг дөрвөн үзэгдэлт “Риголетто” дуурийг В.Гюгогийн “Хааны зугаа цэнгэл” зохиолоор Ф.Пиове цомнолыг нь бичиж байжээ. Уг дуурийн симфони найрал хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх дохих бөгөөд гол дүрд Риголетто буюу ордны алиа салбадайд Гавьяат жүжигчин, баритон Э.Амартүвшин, Мантуанский герцогт тенор-Ч.Түмэндэмбэрэл, Джильдад сопрано Ө.Уянга, Спарафучиллед басс Б.Алтанхуяг, Маддаленад меццо-сопрано Р.Доржхорлоо, Джиованнад меццо сопрано М.Дариймаа, Монтероне гүнд басс О.Хүрэлбаатар, Маруллод баритон Ч.Энхтайван, Борсад тенор Б.Гомбо-Очир, Чепрано гүн басс Ч.Чинзориг, Пажд Д.Туяа нар тоглох юм.
Анх “Риголетто” дуурийг 1851 оны гуравдугаар сарын 11-нд Венец хотод тавьж байсан бол манай улсад анх 1987 оны нэгдүгээр сарын 10-нд тоглож байжээ.
Дуурийн үйл явдал Италийн Мантуе хотод XVI зууны үед өрнөдөг. Уг дуурьт насаараа ордны салбадай хийсэн Риголетто өөрийн ганц охиныг бусдын нүднээс нуун цэцэг цэврүү шиг өсгөсөн ч охин хөнгөн явдалтай нэгэнд дурлан түүнийхээ төлөө эцсээ хүртэл зогсож байгаа эмгэнэлт түүхийг өгүүлнэ.
Г.ДАША