-Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах гээд байгааг та юу гэж үзэж байна вэ?
БГД-ийн XX хорооны иргэн Ё.Жамсран:
-Шинэчилсэн Засгийн газрыг огцруулах нь миний бодлоор буруу юм. Өмнөх засаглал нь юу ч хийгээгүй, хийдэггүй байхад дуугүй харж ирсэн шүү дээ. Тийм байж дөнгөж юм хийж эхэлж байгаа Засгийн газрыг огцруулах гээд байгаа нь их сонин.
Шинэчилсэн Засгийн газрыг юм хийнэ гэдгийг иргэд мэдрээд л итгэл хүлээлгэсэн байгаа. Цаагуураа бодлоготой л ийм юм ярьж байгаа байх л даа.
-Шинэчлэлийн Засгийн газрыг яаралтай огцруулах гээд байгаа нь ямар учиртай юм бэ. Энэ мэдээж буруу хэрэг. Ардчилсан нам засгийн эрхэнд гараад удаагүй байна. Тэднийг бүрэн эрхийнхээ хугацаанд хийх гэж төлөвлөсөн ажлаа хийж эхэлж байхад нь ийм яриа гаргаж, төр засаг үймүүлээд байгаа нь их учир дутагдалтай санагддаг. Ингэж бужигнаж байхын оронд иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэх талаар юу хийх гэж байна, тэр бүхнийг нь хараад хүлээцтэй хандаж, зөв нухацтай шийдвэр гаргах нь зүйтэй юм. Монголчууд нам гэж талцалгүй засаг төрөө хүндэлж, төр нь ард түмнээ гэсэн сэтгэлтэй байх нь чухал юм. “Нурах байшин дотроосоо” гэдэг үг бий. Ийм эв найргүй, юм л бол нураана, тараана гээд байх нь тийм ч сайн зүйл биш юм.
Махны үнээ хянаж чадахгүй төр цаашид юу хийнэ гэж итгэх вэ
СБД-ийн X хорооны иргэн Н.Туяа:
-Шинэчлэлийн Засгийн газар гэсэн нэрнээс цаашгүй, юу ч хийхгүй засаг төрөөр яах ч билээ. Огцруулах нь зөв гэж үзэж байна. Наад зах нь махны үнэ нэмэгдээд, 10 мянга болчихсон иргэд нь махаа ч авч идэж чадахгүйд хүрээд байна шүү дээ. Хүнс, ногооны үнэ ч адил. Өмнөх засаглалын үед махны үнийн хөөрөгдөл арай ч иймдээ тулаагүй байсан. Энэ зэрэг махны үнэ ханшаа тогтворжуулж чадахгүй байгаа Засгийн газар цаашид юу ч хийж чадахгүй байх л гэж бодож байна.
БЗД-ийн IV хорооны иргэн П.Цэрэндорж:
-Шинэ гарч ирж буй Засгийн газрыг огцруулах гээд байгаа нөхдийг би гайхаад байна. Яагаад шинэ юм хийе гэсэн хүмүүсийн ажлыг хийлгэхгүй, үймүүлж бусниулаад байгаа юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг чинь юм хийгээд л байгаа хүн шүү дээ. Харин түүний ажилд яагаад хориг саад учруулж төр засгийг үймүүлэх гээд байдаг нь хачин. Ардын намыг яах гээд байгаа учрыг нь ойлгохгүй юм. Засгийн газрыг хуралдуулахгүй ордонд “диваантай” суулт хийж жүжиглээд байсантайгаа адилхан юм хийх гээд байгаа юм уу даа. Тэднийг бодвол ардчилал гараад их юм хийж эхлээд байгаа, цаашдаа ч их юм хийнэ гэдэгт итгэлтэй байдаг. Өнгөрсөн өвөл гэхэд л нүүрс, түлшний үнийг бууруулж иргэдийг хахир хүйтнээс аварч дулаантай золгуулж байна. МАН-ынхан юу хийсэн юм бэ. Идэж уухаас өөр хийсэн юм байхгүй шүү дээ. Тиймээс энэ Засгийн газрыг хөл дээр нь зогсоож Тавантолгой, Оюутолгой гэх мэт уул уурхайн ажлаа сэргээгээд ард түмнийхээ талд болгомоор байгаа юм. Одоо өргөн хэрэглээний бараа таваар, махны үнэ ханш нэмэгдээд байгааг жаахан хязгаарлаж, цалин, тэтгэврээ нэмэгдүүлээд өгвөл ард түмний аж амьдрал дээшлээд аштай шүү дээ.
УИХ-ын гишүүний нууц хөрөнгө ил болж иргэдийнхээ итгэлийг алдсан
Сэлэнгэ аймгийн иргэн Б.Мөнхзул:
-Одоогийн Засгийн газрын хийж буй үйл ажиллагаа нь ард иргэдэд таалагдаж байгаа юм шиг хэрнээ нам дотроо бас асуудал үүсээд эхэлсэн. УИХ-ын гишүүн С.Баярцогтын нууц хөрөнгө нь илрээд ард иргэдийнхээ итгэлийг алдаж байгаа мэт эвгүй л юм болчихоод байна. Цаашдаа ч энэ гишүүнээр зогсохгүй олон хүн гарч ирэх биз. Тийм болохоор шинээр залуучуудыг сонгоод шинэ сонголт хийх хэрэгтэй болов уу. Өмнөх засаглал ч адил юм хийдэггүй байсан. Итгэл алдраад байх юм байна шүү дээ.
Ингэлээ гээд цаг хугацаа л алдах болно
СБД-ийн VIII хорооны иргэн Б.Алтанцэцэг
-Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулаад ч яах юм бэ. Огцрууллаа гэхэд дараагийнх нь яг л адилхан байна. Цаг хугацаа л алдахын нэмэр. Ардчилсан намыг ард түмэн сонгосон нь үнэн л юм чинь тэдний юу хийхийг харах л хэрэгтэй. Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд хөл дээрээ тогтох хугацаа болоогүй байна. Тэд сонгогдоод жил ч болоогүй байхад, юун огцруулах тухай яриад байгаа юм бэ. Ингэж цаг алдсан шоу хийж байхаар ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэгээд л нэг Засаг гарч ирээд нэг шинэ хууль боловсруулж батлаад ажил хэрэг болохын даваан дээр татан буулгаж бусдынхаа ажлыг нураах гээд байдаг нь ямар учиртай юм бол. Ингэсээр байтал Монголын ард түмний аж амьдрал улам доройтлоо шүү дээ.
-Аливааг ярихад амархан, хийхэд хэцүү шүү дээ. Бүхэл бүтэн улсыг авч явна гэдэг бол амаргүй даваа. Гэтэл энэ Засаглалд ажил хийх боломж нөхцлийг нь хаагаад байхаар яаж ажиллах вэ дээ. Олон ажил хийхэд мэр сэр алдаа гарах бол байх л зүйл. Гэтэл МАН ардчлалынхны алдаан дээр дөрөөлөөд зарга үүсгээд яваад байвал төр засгийн ажил урагшаа яаж ч явах вэ дээ. Нам гэхгүйгээр аль чадалтай боловсон хүчнээ дэмжиж ажиллуулаад явах нь зүйтэй юм даа.
Г.БАЯРЦЭЦЭГЭх сурвалж: “НИЙСЛЭЛ ТАЙМС” сонин