Гурван жүдоч аваргын төлөө өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

Гурван жүдоч аваргын төлөө өрсөлдөнө

Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Тайландын нийслэл Бангкок хотноо эхэллээ. Энэ удаагийн тивийн аваргад эрэгтэй, эмэгтэй  долоон жинд Азийн 28 орны 220 бөх оролцож байна.

Монголын шигшээ багийн хувьд энэ жилийн Азийн аваргад эрэгтэй ес, эмэгтэй долоон тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож буй. Тэмцээнд нэг улсаас нэг жинд нэг л тамирчнаа сойх эрхтэй бөгөөд бусад хоёр тамирчны хувьд багийн барилдаанд хүч сорих юм. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ийн жингийн барилдаанууд болж, яг одоогийн байдлаар манай гурван тамирчин аваргын төлөө, дөрвөн жүдоч хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болоод байна.

Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Д.Төмөрхүлэг эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Ираны Эхсан Бахрамиан Хаяатыг, зооны аваргын төлөө Хонконгийн Ю Люн Чуйг цэвэр ялж, дараагийн барилдаанд БНСУ-ын Бо Бэ Хванийг юүко үнэлгээгээр ялснаар одоо алтан медалийн төлөө барилдах гэж байна.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 73 кг жинд өрсөлдөж буй Лондонгийн олимпийн хүрэл медальт, ОУХМ С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 52 кг жинд барилдсан ОУХМ Б.Бат-Эрдэнэ нар аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд буй.
ОУХМ С.Ням-Очирын хувьд өнөөдөр эхний тойрогтоо хийлж, дараа нь Макаогийн бөх Акуйно Да Сильва, Японы Ясухиро Авано, Ираны бөх Саэйд Моллаей нарыг дараалан ялж, одоо аваргын төлөө БНАСАУ-ын бөх Кук Хион Хонгтой учраа таараад байна.

Эмэгтэйчүүдийн 52 кг жингийн аваргын төлөө хүч үзэх гэж буй ОУХМ Б.Бат-Эрдэнэ өнөөдөр эхний тойрогтоо Тайландын жүдоч Сурээрат Садмароенгийг 1:08 минутад нутагт нь цэвэр ялсан байна. Улмаар Вьетнамын Кун Нгуен Тиг 2:52 минутад, Энэтхэгийн Анита Ангом Чануг 1:35 минутад тус тус цэвэр ялснаар одоо алтан медалийн төлөө Японы жүдоч Такуми Миякаватай өрсөлдөхөд бэлэн болоод байна.  

Харин хүрэл медалийн төлөө эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Ч.Болдбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдсөн М.Уранцэцэг, 57 кг-ын жинд өрсөлдсөн Д.Сумъяа, 63 кг-д хүч үзэж буй Ц.Цэрэннадмид нар барилдана.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж