Ерөнхий сайдын мэдээлэл өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын мэдээлэл өндөрлөв

УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг нийгэм, эдийн засгийн мэдээлэл өглөө.

Ерөнхий сайдын мэдээллийн дараа гишүүд цаг үеийн асуудлаар тодруулга авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Батцогтын “Махны бодит үнийн талаар танилцуулахыг хүссэн” асуултад Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал мэдээлэл өглөө. Түүний өгсөн мэдээлллээр, махны үнэ 6000-10300 төгрөгийн үнэтэй байна. Бизнес эрхэлдэг 10 компани нөөцийн махны худалдаанд оролцож байгаа. 90-100 тонн нөөцийн махыг нэг хоногийн дотор борлуулж байгаа. Улаанбаатар хотын ихэнх иргэн нөөцийн мах хэрэглэж байна. Хөлдөөж, хадгалж нийтэд хүргэж байгаа махны үнэ 7500 төгрөгөөс хэтрэхгүй бөгөөд 388 цэгт хүргэж байна. Хүнсний захууд нөөцийн мах борлуулах дургүй байгаа юм. Меркури, Бөмбөгөр болон хорооллын захууд борлуулахгүй байгаа. Энэ захуудын махны үнэ маш өндөр үнэтэй байгаа гэлээ.

Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Ерөнхий сайд 2008 оноос хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан. Оюутолгой, Тавантолгой зогсонги байдалд ороод байхад нүүрсээ гаргахгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалт 60 хувь буурсан, эдийн засгийг цааш нь авч явахад юу хийж байна вэ” гэсэн асуултад хариулт авахыг хүссэн. Үүнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бондоороо одоо л бүтээн байгуулалтаа эхлүүлэх гэж байна. Юм хэлэхээрээ л зөвхөн хараар нь будсаар байгаад л огцор гээд байх юм. Энэ чинь улстөржилт шүү дээ. Би бол хэзээч  улс төржүүлж хийж байгаагүй. Би энэ асуудлыг олон удаа ярьж байгаа, бүтээн байгуулалт эхлэх үед 14 хоногоор асуудлыг гацааж, огцруулна гэж яриад байгаа нь өөрсдөө улстөржиж байна гэж бодож байна” гэсэн шүүмжлэлийг хэлсэн.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: -Гишүүд юм асуухаар ихээхэн загнадаг болсон загвар бол яг саяны жишээ. УИХ-ын гишүүн сайд болсон нь парламентын тэнцвэртэй байдлыг алдагдуулж байна. Үүнийг Ерөнхий сайд минь анхаараарай. Бүтээн байгуулалт чинь хэзээ эхлэх гэж байна вэ. Цахилгаан станц хэзээ баригдах гэж байгаа юм бэ. Нүүрсээ борлуулах чиглэлээр өнөөдөр бид ямар ажил хийх юм бэ?  

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Тавдугаар цахилгаан станцыг барих гэж гурван жил болно. Цэргийн сургуулийн орчимд “Амгалан” дулааны цахилгаан станц барихаар болсон. Нүүрсээ алдагдалгүйгээр гаргая гээд л байж байна даа. “Чалко”-гоос өөр компанитай хамтаръя гэхээр болохгүй байгаа юм. Ирэх даваа гарагаас нүүрсээ гаргахаар болсон.

Эрчим хүчний сайд М.Сономпил:
“Амгалан” дулааны станц их яригдсан. Улаанбаатар хотын дулааны хэрэглээ дээд цэгтээ тулчихсан байгаа. “Амгалан” дулааны станц 349 мвт хүчин чадалтай маш том цахилгаан станц байгаа юм. Газар чөлөөлөх ажлыг шийдсэн. Ирэх 12 дугаар сарын 1 гэхэд эхний ээлж нь бэлэн болно.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр: -Зургаан аймгийн төвийг хатуу хучилттай болгоно. Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэл барина. 2014 он гэхэд Завхан аймаг Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбогдоно. Одоо барилгын ажил эхлээд явж байна. Ирэх намар гэхэд энэ ажлуудын үр дүн гарна. Дэд бүтцэд 200 тэрбум төсөвлөсөн байгаа.

УИХ-ын гишүүн Су.Батболд: -Хөдөө аж ахуйн биржээр дамжсан ноолуурыг экспортоор гаргана гэсэн юм байна. Тэгээд ноолуурын үнэ унаад байгаа гэнэ. Энэ ямар учиртай юм бэ. Хавар мах бэлддэг цаг. Экспортод мах гаргах талаар ямар бодлого барьж байгаа юм бэ. Хаврын тариалалт болж байна. Өнгөрсөн жил төмс их тариалсан. Тэгээд төмсний үнэ өссөнгүй. Тэгэхээр тариаланчид төмс тарихаа больё гэж байна шүү дээ. Үүн дээр ямар нэгэн зохицуулалт хийж байгаа юу?

Үйлдвэр, хөдөө аж ахуйн Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал:
-Хөдөө аж ахуйн биржийн тухай хууль 2011 оны зургадугаар сард батлагдсан. Хөдөө аж ахуйн биржийн арилжаа үнэд нөлөөлөхгүй байгаа. Зүүн гурван аймгийн ноолуурын үнэ өндөр гарцтай байдаг учраас үнэ нь өндөр байдаг. Махны компаниуд мах экспортлох дургүй байгаа. Ногоочид төмс борлуулаад өгөөч гэсэн хүсэлт гаргасан.

Зам тээврийн сайд А.Гансүх сайд
: -Дорноговь аймаг энэ жилдээ хатуу хучилттай замаар холбогдоно. Улаанбаатар Замын-Үүдийг холбосон 900 км авто зам барихаар Засгийн газрын шийдвэр гарсан.

Ерөнхий сайдын мэдээлэл дуусч, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, түүнийг
дагалдаж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн
хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Байнгын хороо болон хууль санаачлагчийн
илтгэлийн дараа УИХ-ын гишүүд асуулт асууж тодруулсан юм.

Үүгээр
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. Харин ирэх долоо
хоногийн чуулганы хуралдаанаар Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай
хуулийн төсөл, түүнийг дагалдах хуулиудаар санал хураах юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж