Хүнсний тухай хуулийг боловсруулагчид хуралдана

Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

Хүнсний тухай хуулийг боловсруулагчид хуралдана

Хүнсний тухай хууль болон Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт муу байгаа. Хуулийг хэрэгжүүлэхэд олон нийтэд зөвхөн уриалах бус, бодлогын төвшинд ярилцахаар болсон байна. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 23-ны 10.00 цагт Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ. Үүнд МҮХАҮТ-ын дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Хүнсний аюулгүй байдал, Хоол тэжээлийн нийгэмлэгийн тэргүүн доктор професор Х. Жамбалмаа – Хуулийг боловсруулагч, МХЕГ-ын Хүнс хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Л. Гэрэлмаа, Экспорт, Импортын хяналтын хэлтсийн дарга Б.Хосбаяр, ҮХААЯамны Хүнсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Тунгалаг, Монголын нян судлаачдын нийгэмлэгийн тэргүүн Ч.Эрхэмцэцэг, МҮХАҮТ-ын дэргэдэх Импортлогчдын зөвлөлийн дарга П.Гантөмөр нар оролцох юм байна.

Гуравдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн хүн амын аюулгүй байдлыг хангах учиртай дээрх хуулиудад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдан борлуулагч, хэрэглэгчдийн эрх, үүргийг нарийвчлан заасан. Тухайлбал, дэлгүүр, супер маркет, захууд хугацаа нь хэтэрсэн, Англи, Орос, Монгол хэлнээс бусад хэлний тайлбартай хүнсний бүтээгдэхүүнийг худалдахгүй байхыг хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид хугацаа нь дууссан, хаана үйлдвэрлэсэн, хэрхэн хэрэглэх нь тодорхойгүй бүтээгдэхүүн авахгүй болох юм.  Гэтэл одоогийн байдлаар хууль хэрэгжилт тун хангалтгүй байгаа учраас ийнхүү бодлого боловсруулагчид нь хуралдахаар болжээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж