Зохион байгуулагчдын зүгээс баг тус бүрт Францын хөгжмийн зохиолчдын дэлхийд данстай бүтээл туурвилуудаас сонгож өгсөн байна. Харин Испаний хөгжмийн дээд сургуулийн профессор, төгөлдөр хуурч Адольф Биэсо Касасус нарын тэргүүтэй найман шүүгч мэргэн оюунаа тунгааж, шилдгийн шилдгүүдийг шалгаруулжээ. Таван жил хаан хуурын хатан аялгууг хоршин тоглож, энэ оны нэгдүгээр сард “PIANO DUO” нэртэй тоглолтоо үзэгч олондоо толилуулаад амжсан Ц.Энхтөр, А.Энх-Амгалан нар Монголын төгөлдөр хуурчдын авьяас, нэр хүндийг олон улсад таниулж тэргүүн байр эзэлсэн бол, хоёрдугаар байранд Франц, гуравдугаар байранд Сингапурын төгөлдөр хуурчид оржээ.
Төгөлдөр хуурч Ц.Энхтөр нь Монголын нэрт төгөлдөр хуурчдын концерт болон цөөхүүл хөгжмийн бүтээлүүдийг эх орондоо төдийгүй гадаадын улс орнуудад сурталчлан таниулахад өндөр хувь нэмэр оруулсан хүн юм. Тэрээр, ОХУ-ын Москва хотын П.И.Чайковскийн Хөгжмийн Дээд сургуулийн их, бага танхим, Одессын Филармони, Украйн, АНУ-ын Чикаго хотын хөгжмийн их танхим, Япон улсын Токио, Ёкохама, Хамамацу хотын концертын их танхим, БНХАУ-ын Бээжин хот, мөн Хөх хотын Урлагийн Их сургуулийн концертын танхимд тус тус тоглолтоо хийж байжээ. Харин түүний шавь төгөлдөр хуурч Алтансүхийн Энх- Амгалан нь хөгжмийн боловсролоо Хөгжим, бүжгийн коллежийн багш Чимгээ, Ардын жүжигчин Цолмон нарын удирдлага дор суралцаж боловсорсон залуу төгөлдөр хуурч юм.