Хөрөнгө оруулалт хэдэн хувиар буурсан бэ?

Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалт хэдэн хувиар буурсан бэ?

Манай улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон гадаадын шууд хөрөнгө оруулалт буурлаа гэсэн мэдээлэл сүүлийн үед хүчтэй яригдах боллоо. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалт яг хэдий хэмжээгээр буураад байна вэ гэдэгт эдийн засагчид харилцан адилгүй байр суурьтай байна. Тиймээс эдийн засагч, судлаачдын хэлсэн  үгийг энэ удаагийн “Эсрэг тэсрэг байр суурь” буландаа нийтэлж байна.

17 хувь буурсан

Монголбанкны ерөнхий эдийн засагч С.Болд:

– Гадаадын шууд хөрөнгө оруулалт эдийн засгийн оргил үе буюу 2011 онд 4,6 тэрбум ам.долларт хүрсэн бол өнгөрсөн онд 3,8 тэрбум ам.доллар болж 17,5 хувиар буурсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг ДНБ-нд харьцуулсан харьцаа 2011 онд 36.4 хувьд хүрч байлаа. Энэхүү хөрөнгө оруулалтын 85-90 хувь нь уул уурхайн салбарт ногдож буй юм. Донор орны тухайд бол БНХАУ, Хонгконг, Англи, АНУ, Канад зэрэг орнууд тэргүүлж байна. Дэлхий нийтийн хэмжээнд ч гадаадын шууд хөрөнгө оруулалт 18 хувиар буурсан. Мөн БНХАУ өнгөрсөн онд  хөгжиж буй орнууд руу чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээгээ 49 хувь буюу 22.6 тэрбум ам.доллар болтол бууруулсан. Манай улсад орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээнд энэ бүхэн нөлөөлсөн.

60 хувь буурсан

МУИС-ийн ЭЗС-ийн профессор, доктор Ч.Хашчулуун:

– Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ энэ оны эхний хоёр сард 60 хувийн уналттай гарч байгаа. Үүнд мэдээж дотоодын хууль эрхзүйн орчны тогтворгүй, ойлгомжгүй байдал гол нөлөө үзүүлсэн нь мэдээж. Дэлхийн зах зээл дээр манай гол экспортын бүтээгдэхүүн болсон нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэ буурлаа. Түүнчэн гадаад орчны нөлөө ч их байлаа. Ази Номхон далайн бүс нутаг болоод Европын орнуудын эдийн засгийн үзүүлэлт сайнгүй байна. АНУ-ын эдийн засаг хямралаас маш удаан хугацаанд ангижирч буй зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн.
Хөрөнгө оруулалтыг ганц мөнгөөр хэмжих нь өрөөсгөл

ЭЗХЯ-ны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газрын дарга С.Жавхланбаатар:

– Гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ онд яг хичнээн хувиар буурсан бэ гэдэг статистик өнөөдөр алга. Учир нь хөрөнгө оруулалтын хэмжээг ганц нэг сараар гаргадаггүй. Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулалт гэдэг дан ганц мөнгөн урсгал биш. Гадаадаас оруулж ирж буй техник, тоног төхөөрөмж, технологи бүгд багтана. Гэтэл эдгээрийн бүртгэл гадаадын хөрөнгө оруулалтад багталгүй үлдсэн байх талтай. Тиймээс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дан ганц банкинд байршуулсан мөнгөөр хэмжиж болохгүй.

Эдийн засагчид, мэргэжлийн хүмүүс ийн өгүүлж байна.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж