“Эрдэнэт үйлдвэр” ХХК-д “хангалттай” үнэлгээ өгчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-д “хангалттай” үнэлгээ өгчээ

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөлийн хурал Улаанбаатар хотноо  гурав хоног үргэлжлэн хуралдаж, өчигдөр өндөрлөсөн. Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөлийн энэхүү хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх, хаана болохыг ихэд нууцалж байсан ч түр томилогдоод байсан үйлдвэрийн захирлыг дөрвөн жилийн хугацаагаар томилсон талаар бид өчигдөр мэдээлсэн. Энэ удаагийн хурал нь 49 дэх удаагийн хурал бөгөөд Зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголын талаас Монгол улсын Төрийн өмчийн хорооны орлогч дарга Ж.Төмөрбаатар, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Үйлдвэр Хөдөө Аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Засгийн газрын ахлах референт Н.Буяндэлгэр, Оросын талаас “Ростехнологии” улсын корпорацийн ерөнхий захирлын орлогч Волобуев Николай Анатольевич, Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын захирлын орлогч Азизов Искандер Кубарович,  Ростехнологии” улсын корпорацийн ерөнхий захирлын зөвлөх Халанов Валерий Иннокентьевич нар багтдаг ажээ.

Хуралдааныг зөвлөлийн Монголын хэсгийн дарга, Монгол улсын Төрийн өмчийн хорооны орлогч дарга Ж.Төмөрбаатар даргалан явуулжээ.

 “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөлийн өмнөх хоёр хуралдааны шийдвэрийн биелэлтийг хэлэлцсэн байна. 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар “ Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2011 оны үйлдвэрлэл аж ахуйн ба санхүүгийн үйл ажиллагааны баримтын хяналт шалгалтын мөрөөр хянан шалгалтын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх явцын тухай илтгэл, тус үйлдвэрийн 2012 оны үйлдвэрлэл аж ахуйн ба санхүүгийн үйл ажиллагааны үр дүн,  үйлдвэрлэл аж ахуйн ба санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн баримтын шалгалтын актыг батлах тухай Хянан шалгах комиссын илтгэлийг хэлэлцэж баталсан гэдгийг албан ёсоор мэдээлж байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрлэл – аж ахуйн болон санхүү эдийн засгийн байдлын, санхүүгийн байдлыг сайжруулах санал, арга хэмжээ  болон хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн тухай тус үйлдвэрийн Ерөнхий захирлын үүрэг  гүйцэтгэгч Ц.Даваацэрэнгийн илтгэлийг зөвлөлийн гишүүд сонсчээ. 

Тус компанийн  2012 оны үйлдвэрлэл, технологийн болон эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтээ биелүүлсэнийг зөвлөл онцлон тэмдэглээд, компаний 2012 оны үйл ажиллагааны үр дүнг хангалттай гэж дүгнэжээ. Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Даваацэрэнг 2013 оны 4-р сарын 18 –ны өдрөөс тус үйлдвэрийн Ерөнхий захирлаар дөрвөн  жилийн хугацаагаар томилов. Мөн Ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн орлогчоор Б.Алтанхуяг, Худалдааны асуудал эрхэлсэн орлогчоор Х.Өлзий- Оршихыг мөн дөрвөн жилийн хугацаагаар тус тус томилсон байна.    

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж