Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

Надад туслаач

Би төрийн байгууллагад ажилладаг.
Манай хэлтсийн дарга сүүлийн үед надтай дотно харилцаанд орохыг хүсч
байгаагаа янз бүрээр илэрхийлэх боллоо. Өдөрт дуусгаж багтахааргүй их
ажил хуваарилдаг. Үүнээс болоод орой болтол ажил дээрээ суухаар “Өрөөнд
минь ороод ирээч” гээд байх юм. Хүсэхгүй байгаагаа хэлэхээр дарамтлаад
байдаг боллоо. Хийсэн ажил минь  үнэлэгдэхээ больж, элдвээр өө сэв эрж,
гоочлох боллоо. Ажиллахад улам л хэцүү болж байна. Өөрт нь хэлэхээр
“Чамайг маяглаагүй байсан бол ингэхгүй байсан” гэх юм. Ажлаасаа гардаг ч
юм уу. Би яахаа мэдэхээ больчихоод байна. Хаана, хэнд, яаж  хандах вэ?
Надад туслаач !!!

– Таныг
хүсээгүй байхад бэлгийн сэдэлтэй саналууд тавьж байгаа нь ажлын байрны
бэлгийн дарамт мөн.  Бэлгийн дарамтыг “Бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн
сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал
үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил,
албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох
үр дагавар бүхий тэвшичгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган
шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүй” гэж Жендэрийн эрх тэгш байдлыг хангах
тухай хуульд тодорхойлсон байдаг.

Хэлтсийн дарга чинь  албан
тушаал, эрх мэдлээ ашиглан,  ажлын гүйцэтгэлээр шалтаглан шантаажилж, 
ажлаа орхихоос өөр сонголтгүй байдалд Таныг хүргэж байгаа нь нэлээн
ноцтой байдалд хүрснийг харуулж байна. Та үүнийг цаг алдахгүй зогсоохгүй
бол улам л даамжирна гэдгийг анхаарна уу!!! Бэлгийн дарамтлал нь 
давтагдах шинжтэй  байдаг тул түүнийг нууж дарагдуулвал дахин өртөх
боломж ихсэнэ.

Танд хэцүү байсан ч нуух гэж бүү оролдоорой. Учир
нь та ямар ч буруугүй. Түүний гаргаж байгаа үйлдэл, зан авир өөрт чинь
таалагдахгүй байгааг эрс шийдэмгий хэлж, үүнийгээ зогсоохыг шаард.
Түүнтэй харилцсан, ярилцсан бүхий л үйлдлээ баримтжуулаарай. Бэлгийн
дарамтлал нь гэрчгүй үйлдэгддэг,  асуудлыг сөхөн гаргаж ирэх үед хүн
гүтгэсэн хэрэгт буруутгагдах эрсдэл байдаг  учраас эдгээр баримтууд танд
хэзээд хэрэг болно. (фото зураг, видео бичлэг, мессеж, мейл,
мессенжерээр харилцсан захиа, гар утсан дээрх болон дуу хураагуурт
бичигдсэн  бичлэг зэрэг ямар ч хэлбэрээр байж болно)

Бэлгийн
дарамтлал нь хууль зөрчсөн үйлдэл юм. Тиймээс та Жендэрийн эрх тэгш
байдлын тухай хуульд заасны дагуу  Хүний эрхийн үндэсний комисст гомдол
гаргах эрхтэй.

Гомдлоо гаргахаас өмнө Хүний эрхийн үндэсний
комисс дээр (Тэнгис кино театрын өөдөөс харсан Засгийн газрын 11 дүгээр
байрны 509 тоот өрөө) биечлэн очиж хуулийн зөвлөгөө авч болно. Эсвэл 
262786 утсаар холбогдож,  info@mn-nhrc.org    цахим хаягаар хандах
боломжтой.

Бас Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд  50 99 05 05 утсаар хандаж болно.


Эх сурвалж: www.MMINFO.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж