Төрийн албан хаагдчдйн холбооны тэргүүн
Б.Энхбаяр нь төрийн албан хаагчдийн Үндсэн хуульд заагдсан эрх зөрчигдөж
байгаа талаар уйгагүй дугарч байгаа хүний нэг билээ. Тэрээр 2012 оны 12
сарын 10-ны өдрөөс эхлэн Засгийн газар 26 тоот тогтоол гаргаж хууль
дээдлэх зарчимыг зөрчсөн асуудлаар Үндсэн хуульд удаа дараа өргөдөл
гаргаж байгаа юм. Ийнхүү тууштай тэмцсэний эцэст Үндсэн хуулийн цэц
магадлал гаргасан байна. Гэтэл засгийн газар нууцаар 26-р тогтоолоо
хүчингүй болгожээ. Энэ талаараа Төрийн албан хаагчдын холбооны тэргүүн
Б.Энхбаяр хэвлэлд хандаад байна.
Н.Энхбаяр нь энэ талаар фасебүүк хуудсандаа ийнхүү нийтэлжээ.
Монгол Улсын иргэн, Төрийн албан
хаагчдын холбооны тэргүүн Б.Энхбаяр Төрийн албан хаагчдын Үндсэн хуульд
заагдсан эрх ашиг хөндөгдсөн, Засгийн газраас төрийн албанд түр орлон
гүйцэтгэгч нарыг томилох боломж олгосон 26 тоот тогтоолыг гаргаж хууль
дээдлэх зарчимыг зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд 2012 оны 12
дугаар сарын 10-ны өдөр гаргасан. Уг өргөдлийг ҮХЦ-ийн гишүүн Т.Лхагваа 3
сар хууль бусаар дарсны эцэст 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр
маргаан үүсгэхээс татгалзсан хариуг өгсөн билээ. Цэцийн гишүүн Т.Лхагваагийн
шийдвэрийг эс зөвшөөрч ҮХЦ-д гомдол гаргасны дагуу Цэц 2013 оны 03
дугаар сарын 27-ны өдөр 08 тоот МАГАДЛАЛ гаргасан юм. Ингээд Засгийн
газрын 2012 оны 26 тоот тогтоол буюу Төрийн албанд сонгон
шалгаруулалтгүйгээр иргэнийг “түр орлон гүйцэтгэгч” нэрийн дор томилох
боломж олгосон шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2
дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим
мөн.”, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Засгийн газар хууль
тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах…”
гэж заасныг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа
үүсгэхээр шийдвэрлэсэн.
Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн байна хэмээн үзэж маргаан үүсгэж
хуралдаанд бэлтгэж байх шатанд амралтын өдрөөр “нууц”-аар Засгийн газар
26 тоот тогтоолоо хүчингүй болголоо гэдэг албан бус мэдээлэл Төрийн
албан хаагчдын холбоонд ирээд байна. Хэрэв энэхүү мэдээлэл үнэн бол
дараахь асуудлыг иргэд, олон нийт, нийт төрийн албан хаагчид болон УИХ,
Засгийн газарт сонордуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Үүнд:
Нэг. 26 тоот тогтоолыг баталж,
төрийн албанд “түр орлон гүйцэтгэгч” нэрээр төрийн албаны шалгалт
өгөөгүй, нөөцөд байхгүй иргэдийг шууд тавих үйлдлийг өнгөрсөн оны 9
сараас өнөөдрийг хүртэл хийсэн Засгийн газар энэ нь хууль бус, Үндсэн
хуулиас давсан үйлдэл байсныгаа албан ёсоор хүлээн зөвшөөрлөө гэж үзэж
байна.
Хоёр. Энэ нь Монгол Улсын Ерөнхий
сайдын Үндсэн хууль зөрчсөнийг ҮХЦ болон өөрөө хүлээн зөвшөөрч нотолсон
хагас жилийн хугацаан дахь 3 дахь удаагийн үйлэл болж түүхэнд
тэмдэглэгдэн үлдэж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон ЗГХЭГ-ын дарга
Ч.Сайханбилиг нар удаа дараа хэвлэл мэдээлэл болон УИХ-ын чуулганд
энэхүү тогтоол нь “хууль зөрчөөгүй” гэж тайлбар хийж байсан үйлдэлдээ ёс
зүйн хариуцлага хүлээж нийт ард иргэдээс уучлал гуйх нь зүйтэй гэж үзэж
байна.
Гурав. Өнөөдрөөс эхлэн Төрийн
албанд “түр орлон гүйцэтгэгч” гэх ойлголтыг МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН
нэрийн өмнөөс Төрийн албанаас халж байгааг нийт ард иргэд, төрийн албан
хаагчдад сонордуулж байна.
Дөрөв. Одоогийн байдлаар Төрийн
жинхэнэ албаны удирдах 4000 орчим албан хаагчдын 80 гаруй хувь нь “түр
орлон гүйцэтгэгч” хаягтайгаар ажилласаар байна. Үүнд тухайлбал,
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн
ерөнхий газар, Төрийн өмчийн хороо, Стандартчилал, хэмжил зүйн газар
зэрэг агентлагын дарга нараас гадна 13 аймгийн ИТХ-ын нарийн бичгийн
дарга, 9 аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, бүх яамд,
агентлагуудын дэд дарга, нэгжийн дарга буюу газар, хэлтсийн дарга нар
“түр орлон гүйцэтгэгч” хаягтайгаар ажиллаж байна. Нэгэнт Засгийн газар
“түр орлон гүйцэтгэх” журмаа Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр
хүчингүйд тооцсон тул эдгээр “түр” нэрээр томилогдогсод ч мөн Үндсэн
хууль, хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр нэн даруй хүчингүй болох
учиртай гэж үзэж байна. Засгийн газар, бүх яамд, агентлаг,
орон нутгийн засаг захиргааны байгууллагуудыг “түр” томилсон
шийдвэрүүдээ хүчингүй болгосон талаараа олон нийтэд мэдээлэхийг хүсч бас
шаардаж байна. Үүнд хяналт тавьж ажиллахыг УИХ, Монголд хуулийн
засаглал тогтсон гэж үзэж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хэвлэл
мэдээллийн байгууллага болон иргэд, төрийн албан хаагчдадаа хандан
хүсье.
Тав. Засгийн газрын 26 тоот Үндсэн
хуулиас давсан шийдвэрийн хор уршигаар “Түр орлон гүйцэтгэгч”-дээс энэ
хугацаанд гаргасан бүх шийдвэрүүд, тэр дундаа “түр нөхдүүд”-ийн зүгээс
төрийн мэргэшсэн, тангараг өргөсөн албан хаагчдыг хууль бусаар халсан
шийдвэрүүд нь эрх зүйн чадамжгүй буюу хууль ёсны бусад тооцогдож буй
учраас эрх ашиг нь хөндөгдсөн, эрхээ хамгаалуулах хүсэлтэй иргэдийг
зөрчигдсөн эрхээ сэргээлгүүлэх талаар бидэнтэй хамтарч ажиллахыг уриалж
байна.
Зургаа. Дээрх асуудалтай шууд холбоогүй ч гэсэн Монгол Улсын
Ерөнхий сайд 2013 оны 04 дүгээр сарын 13-нд Буянт-ухаа цогцолборт Төрийн
албан хаагчидтай хийсэн уулзалтан дээр “Төрийн албан хаагчдыг хагас
бүтэн сайн өдөр, өглөө наймаас оройн найман цаг хүртэл ажиллуулах” тухай
мэдэгдэл хийснийг Төрийн албан хаагчдын холбоо буруушааж байна.
Монгол Улсын нэгдэн орсон “Иргэний
нийгэм, эдийн засгийн эрхийн тухай олон улсын Пакт” болон Хөдөлмөрийн
тухай хуульд зааснаар ажлын цаг нь 8 цаг байхаар, хэрэв илүү цагаар
болон амралтын өдрөөр ажиллуулсан бол илүү цагийн хөлсийг олгохоор
заасан байдаг. Энэхүү хуулийн хэрэгжилтийг Засгийн газар хангаж,
биелэлтэнд нь хяналт тавих үүрэгтэй. Гэтэл Засгийн газрын тэргүүн нь
төрийн албан хаагчдыг өөрийнхөө “хувийн албат” мэтээр хандаж
хариуцлагагүй, хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн хууль
тогтоомжоосоо давсан мэдэгдэл хийж байгааг буруушааж байна. Албан ажлын
шаардлагаар төрийн албан хаагч нь илүү цагаар ажиллах нь зүйн хэрэг
хэдий ч үүнийг нийт төрийн албан хаагчдын үүрэг мэтээр хавтгайруулсан
Ерөнхий сайдын хариуцлагагүй мэдэгдэл нь хувийн хэвшилд мөн муугаар
халдварлаж тэднийг илүү цагаар, амралтын өдрүүдээр ажиллуулсны нэмэгдэл
хөлсийг ажил олгогч, эзэд төртэй барьцан олгохоос цааргалах үр
дагавартайг Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд мөн анхааралдаа авахыг
хүсье.
Дээрх 6 зүйл асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийлэхийг Монгол Улсын Засгийн газарт хандан хүсч байгааг хүлээн авна уу.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХОЛБОО
Эх сурвалж: www.NEW.mn