Их Нацагийг эргэн дурсахуйд

Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

Их Нацагийг эргэн дурсахуйд

Би бээр Берлин хотын баруун дүүрэг дэх Ваанзее хэмээх үзэсгэлэнт нуурын хөвөөгөөр бодолд автан алхнам. Хаврын урин зөөлөн цаг ирсэн тул өглөөний тунгалаг сэрүүн агаар нялхран нялхамсаад, өрнөдийн нутагт ховорхон тохиолддог нарлаг гэгээн тэнгэр тунаран цэнхэрлээд, эгээ л монгол газрын таатай цаг улирал мэт ээ. Мөнөөх толин нуурын мандалд цасан цагаан хун шувуу гоо сайхны туйлыг үзүүлэн эрхэмсэг хөвөн жугуулчилж, алаг ангир, бор нугас сүрэг сүргээрээ бөөгнөрөн, нургилж гангиналдах нь соньхон. Нуурын эрэг хөвөөнөө эгнэн ургасан уд бургас хэдийн хамаг навч намиагаан багсайтал дэлгэн дэлгэрч, түүнээ дааж ядсан мэт усны мандлыг шүргэн унжсан нь байгаль эхийн нэгэн гоо үзэсгэлэн агаад дорнын яруу үгээр үүнийг “хаврын унжлага” хэмээн зүйрлэн өгүүлдэг билээ.

“Хаврын унжлага”. Тийм ээ. Чухам энэ л гайхамшигт сайхан гоо үзэмжийг тэртээх өнгөрсөн зууны хорь, гучаад оны үест их зохиолч Нацагдорж энэ л нуурын эрэг хөвөөнөө салхилан зугаалж явахдаа үзэн баясч шүлэг найргийн онгодоо дуудан, сэтгэлд агч эх нутгаа санагалзан, залуу насны цог залиар бадран  гэрэлтэн явсан буй заа. Цаг хугацаа гэгч юутай хурдан, юутай зогсолтгүй довтолгон өнгөрнөм билээ. Нүд ирмэх агшны төдийд л хоёр он, хоёр зуун…. солигдож, тугаархан бид зүгээр л хориод он, гучаад он… хэмээн хэлцдэг асан бол өдгөө өмнө нь өнгөрсөн зууны хэмээх тодотгол хэрэглэх болчихжээ. Аяа, цагийн жам гэгч энэ буюу. Цагийн жамыг эс дагаж, цагийн хөлд эс өртөх нь энэ орчлон ертөнцийд нэгээхэн ч үгүй билээ. Тиймийн тул цаг хэмээх нь хамгаас агуу, хамгаас хүчирхэг болой. Бас тиймийн тул цаг өөрөө мөнх агаад мөнх бусын үлгэр болой.

Энэ л ёсоор молхи бичгийн хүмүн би бээр энэ түүхт нуурын хөвөөнөө хүн төрөлхтөний гуравдагч мянганы тооллын тэргүүн оны хаврын эхэн сарын ерөөлт сайн өдөр эрт эдүгээг эргэцүүлэнхэн, Их Нацагийн гэгээн дүрийг нуурын мандлаас эрэлхийх мэт гил хар усыг ширтэнхэн зогсном. Тийм ээ, Герман орон Их Нацагийн аж амьдрал, уран бүтээлтэй салшгүй холбоотой билээ. Ер нь ганц Нацагдорж ч биш, түүнтэй хамт 1926 онд Герман, Францад суралцахаар ирсэн дөчин идэр залуус оюунтаны аж амьдрал, хойшдын ажил үйл, хувь заяатай салшгүй шижмээр холбогдсон ажгуу. Үүнийг цааш ухан бодвоос Герман орон, Шинэ Монголын оюуны ертөнцөд туслан дэмнэж, соёл, урлаг, утга зохиолын болоод шинжлэх ухааны бусад салбарт зохих хэмжээнд хувь хандиваа хүргэсэн нь гарцаагүй ажээ.

 Яагаад гэвэл тэр дөчин залуус оюунтны дотроос хожим Монголын оюуны тэнгэрт од болон гялалзсан их хүмүүс цөөнгүй төрөн гарсан билээ. Тэд бол Их Нацагдорж, Наваан-Юндэн, Л.Намхайцэрэн, Д.Намдаг, Б.Содном, Цэвэг, Бавуу гээд, бас “Орхон” үүлдрийн хонь бий болгосон гавьяат зоотехникч Аюурзана. Ингээд бодоход хориодхон настай тэдгээр охид хөвгүүд “алс газар сурахаар одох замдаа” “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ” хэмээн хүсэл зорилгоо илэрхийлэн шүлэглэн дуулж явсан нь талаар болсонгүй ажээ.

Миний гарт тэдгээр хөвгүүд охидыг хүлээн авч, тодорхой хугацааны туршид харилцан дааж, хамтран ажиллаж, сургаж байсан багш Серге Вольф хэмээх хүний бичсэн дурсамж тэмдэглэл байна. Үүнийг сөхөн үзэж заримаас нь иш татан уншигч танаа  толилуулсу. Тэрбээр эл дурсамжаа 1964 онд монголд уригдан зочилсныхоо дараахан бичиж, хожим нь Германы Бонны Их Сургуулийн “Төв Азийн судлал” сэтгүүлийн 1971 оны дугаарт нийтлүүлсэн байх тул манай зарим хүн, ялангуяа  мөнөөхөн германд суралцаж асан хүмүүс, тэдний үр хүүхдүүд нь олж үзсэн байх нь лавтай тул энэ удаад тэр бүгдийг эс нуршиж, гагц их зохиолч Нацагдоржтой холбоотой зарим нэг зүйлийг ишлэн авлаа.

Серге Вольфийн бичсэнээр, тэр үед хорин настай байсан Нацагдорж, гэргий Пагмадуламын хамт, бусад нөхдөөсөө арай сүүлдэн 1925 оны 12 дугаар сард Берлинд хүрэлцэн очжээ. Германд суралцаж байсан монгол залуусын талаар тусгайлан судалсан Герман монгол судлаач доктор, профессор Ута Шөнэгийн 1997  онд монголч эрдэмтний VII их хуралд тавьсан  илтгэлээс үзвэл тэдний  дотор насанд хүрсэн зургаан хүн байсны хоёр нь Нацагдорж, Пагмадулам хоёр байжээ.  Эхэндээ герман хэл бичгийн үндсэн мэдлэг заалгаж эзэмшээд Берлиний Их Сургуулийн сэтгүүлзүйн салбарт зочин оюутны хувиар суралцаж болжээ.  

Харин проф.Ута Шөнэгийн судалж үзсэнээр, тэр хоёр Берлиний Их Сургуулийн гадаад оюутнууд суралцдаг Герман хэлний институтэд 1926 оны 1 дүгээр сараас 6 дугаар сарыг хүртэл герман хэл бичиг, утга зохиол, түүх, газар зүйд суралцаж байгаад мөн оны 9 дүгээр сараас Лейпцигт шилжин суралцсан байна. Одоо Хумбольдтын нэрэмжит Берлиний Их Сургуулийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй гадаад оюутны бүртгэлээс үзвэл энд нийтдээ 5 монгол оюутан суралцаж байснаас Нацагдорж, Пагмадулам хоёул, нэг хоёрдугаар курсийг богино хугацаанд дамжин суралцаж байсан мэдээ бий ажээ.

Зочин оюутан гэдэг нь манай ойлголтоор бол жинхэнэ оюутан биш, харин сайн дурын шинжтэй, сул чөлөөтэй сонсогч маягийн байсан ажээ. Үүний дараа монгол сурагчдын ахлах багш Ишдоржийн хүсэлтээр Европ зүгийн эрдэм шинжилгээний ажлын дор, арга барил олж авах зорилгоор Лейпцигийн Их Сургуулийн профессор-нэрт дорно дахинч, монголч эрдэмтэн Эрих Хэннишийн хичээлд суух зөвшөөрөл олж авсан төдийгүй монгол хэл бичиг, утга зохиолын зохих мэдлэгээрээ профессор Э.Хэнништ хариу туслан зүтгэхээр болсон байна. Харин гэргий Пагмадулам нь Лейпциг дахь Эмэгтэйчүүдийн дээд сургуульд элсчээ.

Энэ хэсэг дурсамжийн үгийг эргэцүүлэн ухаж бодвоос нэлээд зүйлийг мэдэж магадлаж болох мэт. Юуны өмнө Серге Вольфийн бичсэнчлэн бусдаас хоёр гурван насаар ах, “эрийн цээнд хүрч” эхнэр авсан байсан Их Нацагдорж энэ үед насандаа ахдам ихийг үзэж нүд тайлсан байлаа. Бага наснаасаа бичиг үсэгт тайлагдаж, хошуу тамгын газар бичээч хийж эхэлсэн тэр цагаасаа монголын болоод дорно зүгийн сонгодог бичиг соёлын ертөнцөд нэвтэрч, улмаар тулгар мандсан ардын хувьсгал, ардын засгийн үйл хэрэгт идэвхийлэн зүтгэж, МАХН, Засгийн газар, Бошгыг халах  Залуучуудын Эвлэлийн  ажилд оройлон оролцох болсноор түүний мэдлэг боловсрол, хүмүүжил төлөвшил ихэд чамбайрч, төрийн болоод номын үйлд тэгшрэн чадваржсан байсан нь дамжиггүй.

Германд сургуульд явахаасаа өмнө Нацагдорж шинэхэн байгуулагдсан Залуучуудын эвлэл, Пионерийн байгууллагад идэвхийлэн зүтгэж явснаас гадна маршал Чойбалсан, Хатанбаатар Магсаржав нарыг Хувьсгалт Цэргийн зөвлөлийн гишүүн байхад уг зөвлөлийн нарийн бичгийн дарга, мөн засгийн газрын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан тул тэрбээр Ардын Засгийн газарт зохих зиндааны алба хашсан, тухайн үедээ нэр бүхий залуу боловсон хүчин байжээ. Бас Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотноо хоёр гурван жил суралцаж орос хэл бичиг эзэмшин, европ зүгийн соёл боловсролтой болж амьдрал ахуй, ёс заншилд нь дасч дадсан байлаа. Тийм ч учраас Нацагдорж, Пагмадулам хоёр бусад сурагчдаас тусдаа, нэлээд бие даасан нөхцөлд байсан ажээ.

Богино хугацаанд герман хэлийг зохих түвшинд хүргэн эзэмшээд Берлиний Их Сургуулийн Сэтгүүл зүйн салбарт дэвшин суралцаж, улмаар тэндээсээ Лейпцигт одож нэрт Монголч эрдэмтэнд шадарлан тусалж Монгол судлалын чиглэлээр мэддэг чаддагаа хэлж өгөх, мөн эргээд  шинжлэх ухааны судалгааны ажилд суралцахаар болсон зэргээс нь үзвэл Нацагдорж дөнгөж хорь хүрсэн залуу хүн гэхэд хэдийн байр сууриа олж төлөвшсөн байсан нь илэрхий. “Тэрбээр хэд хэдэн юмыг нэгэн зэрэг барьж аваад нэгэн амьсгаагаар даруй дуусгахыг эрмэлздэг тийм хүмүүсийн нэг шиг над санагдаж байсан, харин герман хэлэнд түргэн сайн болж чадахгүй байгаадаа сэтгэл дундуур байсан нь харагддаг байв. Пагмадулам тэр хоёр, бусад монголчууд шигээ нэлээн бие даасан залуус байсан юм” гэж Серге Вольф дурсан бичсэнээс нь үүнийг үзэж болно.

Харамсалтай нь Нацагдорж Герман оронд удаан амьдарч, суралцаж чадсангүй, зарим сурагчдын адил өөрийн хүсэлтээрээ Монголдоо буцсан бололтой. Энэ үедээ тэрбээр дорно, өрнийн мэдлэг хосолсон сайн боловсролтой хэл бичиг, утга зохиолын шилдэг сэхээтэн болсон байлаа. Чухам энэ үеэс эхлэн тэрбээр Монголын Зохиолчдын байгууллагыг байгуулахад идэвхийлэн оролцож, богинохон боловч гавьяат амьдралынхаа дуулиант он жилүүдийг эхэлж, Монголын утга зохиолд мөнхөрсөн олон арван зохиол бүтээлээ туурвисан билээ.

“Хожим нь би Монголд ирээд Нацагдорж, монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч болсныг нь мэдээд ихэд гайхаж, бас хэдхэн жил амьдраад нас барсан эмгэнэлт хувь заяаг нь сонсоод ихэд халаглаж харуусч билээ. Яагаад гэвэл Нацагдоржийн тийм онцгой гарамгай авьяас чадвар илрээгүй, хичээл номондоо оройлон ялгараагүй, бусдынхаа л адил сурч, амьдарч байсан билээ. Харин одоо бодоход германд байхдаа зохиол бүтээлээ туурвиж л байж дээ гэж санагддаг юм. Гэхдээ л над ер мэдэгдэлгүй өнгөрсөн ажээ” гэж уг дурсамжинд өгүүлсэн байна.

Тийм ээ, дөнгөж хорьтой идэр залуу хүн байтугай, гуч, дөч хүрч нас тогтсон хүн хүртэл аливаад онцгойрон шалгарч, бусдаас тодрон товойн гарч гайхамшгийг туурвин бүтээх нь төдий л олон бус аа. Тэр л жишгээр Нацагдорж бусдын л адил суралцаж аж төрж байсан ажээ. Харин дөнгөж хорь гарч яваа хүн гэхэд ихийг үзэж, багагүйг хийж бүтээсэн байсан бус уу. Өнөөдөр хорьтой хүн гэдэг бараг л эцэг эхийн халамжаас гараагүй, эрх танхи бага жаалхан хүүхэд мэт л байдаг шүү дээ.

Эх орондоо буцаж ирээд тэрбээр удаан амьдарсангүй. Арав хүрэхгүй жил нарт хорвоо дээр аж  төрөхдөө наснаасаа хэтийдсэн ихийг туурвин бүтээж, шинэ монголын тулгар үүссэн утга зохиолын голомтыг тулалцаж, анхдагч нь гэгдэх алдар нэрийг хүртэх хүндтэй гавьяа байгуулсан билээ. Түүний амьдрал уран бүтээлийн талаар манайд сайтар судалж, их зүйл хийсэн тул тэдгээрийг дахин нуршиж тоочих юун. Харин нэмж дурдахад тэрбээр дорно, өрнийн мэдлэг тэгш эзэмшсэн, ялангуяа дорно дахин, түүний дотор монгол, манж, хятадын эртний сонгодог утга соёлын гүнзгий мэдлэгтэй байсан нь харагддаг юм аа. Энэ тухай мэдэх хүмүүсийн дурсамж, бичсэн, ярьсан зүйлийг иш татаж болох байна. Юуны өмнө их зохиолчийн дотнын анд, журмын нөхөр  байсан академич Б.Ринченгийн дурсамжийг үзье. Тэрбээр 1950-иад онд МУИС-д хичээл зааж байхдаа ярьсан зүйлийг Д.Дашдорж гэдэг оюутан ингэж бичжээ:

“Ринчен багшаар бид сонин юм их яриулна. Ууган зохиолч Д.Нацагдоржийн талаар ярих дуртай, түүнийг Боржигин овгийн “Манай хуушаан” гэж нэрлэнэ. Сэргэлэн авьяастай, ухаалагийг нь магтана. Судар бичгийн хүрээлэн одоогийн 1 дүгээр арван жилийн сургуулийн ар талд нэг дүнзэн  байшинд байдаг байлаа. Тэр  үед бид нас залуу, эрдэм судлалын ажлын туршлага бага. Хүрээлэнд нангиадач, манжич, түвдэч Бат-Очир, Дэндэв, Шагж гээд олон том эрдэмтэд байсан. Нацагдорж ч байсан, хавар дулаан орсон цаг. Байшингийн сүүдэрт суугаад “Гурван улсын түүх”-ийн хятад эхийг зарим нь дэлгэж, зарим маань монгол эхийг нь барьж хэрхэн онож алдаж орчуулсныг тулган ярьж тэмдэглэж байлаа. Бидний ойролцоо хэдэн хятад хүмүүс мод цавчиж, хөөнд утас дүрэн хэмжиж байснаа цайндаа яваад өглөө. Тэр хойгуур Нацаг босоод хөөнд зомгол дүрэн дүнзэн модон дээр нь хятадаар нэлээд үг хурдан гэгч татлан бичив. Удалгүй хятадууд ч ирэв. Тэдний нэг нь нөгөө  бичээсийг уншаад түүнийг: “Хэн бичсэн бэ?” гэж их л шамдангуй асуув. Нацаг маань бусдаас түрүүлж: “Мэдэхгүй. Та нар л өөрсдөө бичээ биз” гэсэнд Нацаг руу нүдээ жийтайлган харсан нэг нь: “Ай тийм бий, Цоохор чамаас өөр ингэж хэн бичих билээ” гээд Нацагийг барьж авах гэж ухасхийхэд Нацаг инээн зугтаасансан. Нацагдорж цагаан бурхантсанаас болж ов тов цоохор нүүрэнд нь тогтсон тул түүгээр нь тэр хятад дуудсан хэрэг. Юу гэж бичсэнийг бид ч асуугаагүй, Нацаг ч хэлээгүй, ингээд бодоход Нацаг орос, герман, манжаас гадна хятад сайн мэддэг байсан байна гэж ярьсан билээ” гэж дурсчээ.

Ер нь хуучны монголд бичгийн хүн болох хоёр зам байсан, нэг нь лам болж сүм хийдэд суувал бурханы шашны сургаал бясалгах замаар Энэтхэг, Түвдийн утга соёлд нэвтрэх, нөгөө нь төрийн түшээ болж хошуу тамгын газар сууваас алба дагаж монгол бичгээс гадна манж, нангиад хэл бичиг эзэмшиж, тэр зүгийн утга соёлд нэвтрэх ёстой байсан болой. Тэр жишгээр Нацагдорж лам болж хийдэд суусангүй, төрийн хар хүн болж хошуу тамгын газар алба хашжээ.

Энэ тухай төрийн соёрхолт утга зохиол судлагч Д.Цэнд 1959 онд бичсэн “Монголын утга зохиол” сурах бичигтээ Нацагдоржийн намтрын хэсэгт өгүүлэхдээ: “Эцэг Дашдорж нь хүүгээ хошууны захирагч Нэрэнхүү гэгчид шавь оруулж монгол бичиг үсэг заалгажээ. Улмаар дөрвөн хэлний, гурван хэлний тайлбар толиудыг үзүүлж тэдгээрийн үг үсэгийг нүдлүүлдэг байжээ. Бас манжийн хууль цаазын бичиг, нангиадын “Гурван улсын түүх”-ийг сайн үзүүлж хашир догь бичгийн хүн болгох зорилгоо гүнзгийрүүлсэн байна” гэж тэмдэглэжээ. “Гурван улсын түүх” хэмээх нь нангиадын эртний түүхийн зохиол бөгөөд энэ мэт олон зохиол бүтээлийг хятад хэлнээс шууд ба манж хэлээр дамжуулан монгол хэл рүү дуун хөрвүүлж буулгасан байдгийн дотор Күнзийн сургаалийн олон сударын зарим нь монгол, манж, хятад гурван хэлээр хадмал маягаар хэвлэгдэн гарсан байжээ.

Үүнийг өгүүлэгч бээр дээр нэгэнтээ дурдсанчлан их зохиолч багаасаа дорно зүгийн, түүний дотор хятад судлалын гүнзгий мэдлэг боловсрол эзэмшсэн гэж үзэж байгаа бөгөөд энэ тухай хэд хэдэн зүйл олж ажигласнаа дурдахад нэгдүгээрт: Нацагдорж хятадын эртний уран зохиолын талаар сайтар мэдлэгтэй байжээ гэж бодогддог. “Фу” буюу “Үргэлжилсэн үгийн яруу найраг” хэмээх нэгэн зүйл нангиадын уран зохиолд бүр Х зууны үеэс байсан агаад энэ нь ямар нэгэн юмыг үргэлжилсэн үгийн хэлбэрээр, гэхдээ шүлэг найраг шиг тодорхой хэмнэлтэй, өгүүлбэр, хэсгийн дотор үг үеийн тоо  тэнцүү, зарим газараа толгой, сүүл холбосон, уран яруу үгс хэлхэж, утга төгс тансаг сайхан найруулан бичдэг нэгэн өвөрмөц зүйл юм.

Энэ  зүйл  Нацагдоржийн уран бүтээлээс тод үзэгддэг. Тухайлбал алдарт “Шувуун саарал”, “Хөдөө талын үзэсгэлэн”, “Адууны манаанд”, “Өвлийн шөнө”, “Хаврын сайн өдөр” зэрэг яруу тансаг хэл  найруулгатай өгүүллэгүүд нь уншихад бараг л яруу найраг мэт эгшиглэнтэй, сонсголонтой байдгийн дээр өрж хайрцаглах боломжтой, чингэхүл өгүүлбэр хэсгийн доторх үг үеийн тоо тэнцүүхэн, зарим газраа толгой сүүл холбосон, зохист аялгуу бүхий гишгэдэл хэмнэлтэй байдаг нь ажиглагддаг. “Хуучин хүү”, “Соёлыг гайхав”, “Харанхуй хад”, “Хөгжмийн эгшиг”, “Цагаан сар ба хар нулимс” зэрэг олон өгүүллэгт нь ийм шүлэг найраг мэт яруу сайхнаар дүрслэн зурагласан хэсэг арвин байна.

Хоёрдугаарт, жилийн дөрвөн улирлын сэдэвт шүлэг найраг нангиадын сонгодог яруу найрагт эртнээс нааш гол сэдвийн нэг байсаар ирсэн түүхтэй.   Нацагдоржийн жилийн дөрвөн улирлын тухай шүлгүүд нь түүний яруу найргийн хамгийн тансаг сайхан шүлгүүдийн тоонд багтдаг билээ. Гуравдугаарт, дорнын их сэтгэгч Күнзийн сургаалд хээрийн галуу нисэн үл хүрэх газар дор хүн эд ашгийн тул эрсэдмой гэсэн мэргэн үг бий. 2400 жилийн өмнө хэлсэн энэ үг бол хүн гэгч амьтан эд хөрөнгө, алдар нэр, ашиг орлогын төлөөнөө амь зуухын эрхээр алс хол газарт бядан бэдрэн явсаар хорвоог дуусгадаг гэсэн гүн ухааны утгатай юм.

Манж дайчин гүрний үест буюу 1709 онд өвөрлөгч бичгийн мэргэдээс, тухайлбал Галсан гүүш нарын хятад, манж, монгол хадмалтайгаар монголчлон орчуулсан нангиадын энэ мэт бичиг сударын зүйлүүдийг Нацагдорж багаасаа гүнзгий уншиж судалсан байжээ. Тийм ч учраас алс газар сурахаар одох замдаа шинэ цагийн монголын шилдэг залуу сэхээтэн хүний сэтгэлийн чин хүсэл тэмүүллийг илэрхийлэн:

“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ”  хэмээн шүлэглэн хэлсэн буй заа.

Аливаа сайн юмнаас улбаалан сэдлэг авч шинийг бүтээн  туурвих нь хүний ёс оо. Тэр л ёсоор Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдорж дорно, өрнийн утга соёлын гайхамшигт өв сангаас эн тэнцүү суралцаж “өвөрлөн” авч ирээд ихийг бүтээн туурвисан гавьяатай билээ.

МЗЭ-ийн шагналт зохиолч, орчуулагч Я.ГАНБААТАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж