Хууль сахиулах хуулийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

Хууль сахиулах хуулийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы хуралдаан үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн хүрээнд хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтын талаархи зургаан хуулийн төсөл, тэдгээрийг дагалдуулж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн. Энэ долоо хоногт болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх үеэр төсөл санаачлагчийн хүсэлтийн дагуу Мөрдөх албаны тухай хуулийн төслийн хэлэлцэх хугацааг хойшлуулж, бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон юм.

Хуулийн төсөлд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гадаадын иргэн, харьяатын албаны албан хаагчдын давхардсан эрх, үүргийг нэг мөр болгох, үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг “хүчний” байгууллагаас ялган салгаж, иргэндээ үйлчилдэг зарчмыг тусгах, ажиллах нөхцөл, баталгааг дээшлүүлэхээр тусгажээ.Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, түүнийг дагалдаж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ш.Түвдэндорж танилцуулсаны дараа УИХ-ын гишүүд хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Бакей, “Хууль сахиулагчдийн баталгаа талаас хуульд нэлээд тодорхой зааж өгсөн байна. Тэгэхээр эдийн засгийн, нийгмийн тэр баталгаануудыг хэрэгжүүлэхэд Улсын төсөвт хэр хүндрэл учруулах вэ. Жишээлбэл, албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдвал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг ар гэрт нь өгнө гэсэн байна” гэдгийг торуулахад,  Х.Тэмүүжин сайд  “Төсөв дээр нэмэлт зардлууд гарна. Гэхдээ энэ зардлуудын дийлэнх нь энэ хууль гарсантай холбоотой гэж үзэж болохгүй. Гэтэл бид гэмт хэргийг таслан зогсоох ёстой гэж цагдаа нарт үүрэг өгдөг мөртлөө амьд явах баталгааг нь хангаж чадахгүй байгаа. Жишээ нь Долдугаар сарын 1-нд арван цагдаа тутамд нэг л бамбай байсан. Гэтэл ийм зэр зэвсгийн хангалтгүй байдлаас болж ард нь гарч байгаа эрүүл мэндийн зардал маш өндөр болж байгаа” гэж хариуллаа. Мөн УИХ-ын гишүүн Т.Батцогт, “Шашин шүтэх эрхийг нь хорих тухай хуульд заасан байна. Шашин шүтдэггүй хүн л харин их муухай гэмт хэргүүд үйлддэг юм биш үү. Хоёрдугаарт цагдаа нарын цолыг албан тушаалтай нь уях тухай заалт орж ирэх нь. Ингэхээр цагдаа нар цолны хойноос хөөцөлддөг болох юм биш үү. Гуравдугаарт цагдаагийн хувцсыг яагаад сольж байгаа юм бэ”  гэв. Х.Тэмүүжин, “Шашны тухайд хүн угаас шашин шүтэх эрхтэй.  Гэвч хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шашин заримдаа саад учируулдаг. Жишээ нь, хэдэн жилийн өмнө нэгэн Прокурор яллах үйл ажиллагаагаа зогсоосон. Яасан гэтэл, яллагдагч нь бөө хүн байсан гэнэ. Тэгэхээр хууль сахиулагчид ба шашны заагийг хуульчилж өгөхөөс аргагүй. Дэлхийн олон оронд шашин шүтэхийг нь хориглодог. Мэдээж албан үүргээ гүйцэтгэж байх тохиолдолд шүү дээ. Гэртээ хариад шашин шүтэх нь нээлттэй. Цагдаагийн цолны тухайд манай цагдаагийнхан цэрэг цол авч ажилладаг. Энэ нь ажилласан жилээр нь цол олгодог хэрэг. Гэтэл цолны эрэмбийн ажлаа хийж чадахгүй, захиргаадалт, дэглэлтэд өртдөг байдал гаарсан. Тиймээс цолыг нь албан тушаалтай нь уях ёстой. Дүрэмт хувцасны тухайд манайхан социализмын үеийн парад ёслолд зориулагдсан загвар хувцастай. Гэтэл яг хэрэг гарахаар цагдаа нар малгайгаа маллах уу, хулгайчийг барих уу гэдэг дээрээ тулдаг байгаа юм. Зөвхөн цагдаа нар ч биш шүүхийн хянагч нарын хувцас л гэхэд янз бүрийн гоёотой хувцас л байдаг. Ял эдлэгч хянагчийн тэр олон гоёлтой хувцасны хаанаас нь ч бариад хөдөлгөөнгүй болгочих боломжтой” гэж хариулав.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Эрх зүйн шинэчлэлийг эрүүгийн хууль, эрүүгийн байцаан шийтгэх зэрэг гол гол хуулиудад өөрчлөлт оруулсны дараа шинэчлэл ярих ёстой байх. Мөн салбарын хүмүүсээс ямар мэдээлэл, санал солилцсон бэ, Цэргийн албаныхан тэтгэвэрт эрт гардаг учраас тэтгэмж авахгүй байх зэрэг асуудлыг яаж тусгасан” зэргийг тодруулахад, сайд Х.Тэмүүжин “Гэмт хэргийн тухай хууль, ял шийтгэлтэй холбоотой зэрэг хуулиуд боловсруулагдаж байгаа. Энэ хуулийн төслүүд нь хууль сахиулах албан үйл ажиллагаа, нийгмийг сайжруулахад оршиж байгаа. Орон нутагт ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчдын ар гэр, орон сууцны асуудал хүндрэлтэй байдаг. Тиймээс энэ бүхнийг зохицуулахын тулд энэ хуулийг эдийн засгийн баталгааг гаргахаар боловсруулагдсан хуулийн төслүүд” юм гэлээ.

УИХ-ын гишүүд асуулт асууж дууссаны дараа гишүүд үг хэлэх байсан ч чуулганы хуралдаан завсарлаж, 14.00 цагт эргэн хуралдахаар боллоо.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж