Чингис хааны мэндэлсэн өдрийг ёсчлох санал дүгнэлт гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Чингис хааны мэндэлсэн өдрийг ёсчлох санал дүгнэлт гарчээ

2010 оны гуравдугаар сарын 29-нд Монгол Улсын Ерөнхийлөгч 03 тоот захирамж гарган Эзэн богд Чингис хаан–Тэмүүжиний мэндэлсэн огноо, төрсөн газрыг албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан билээ.
Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ажлын хэсгийн ахлагчаар тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д. Дорлигжав, Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Р. Болд нар ажилласан бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд ШУА, Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор С. Чулуун, Академич, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ш. Бира, Академич, Хэл судлалын доктор, профессор Д. Цэрэнсодном, зохиолч, орчуулагч, доктор Г. Аким, НСИОУХ-ийн ажилтан, түүхч, доктор, профессор А. Очир, Уламжлалын академийн тэргүүн, доктор, профессор Л. Дашням, зохиолч, сэтгүүлч Л. Пүрэвдорж, ШУА, Газар зүйн хүрээлэнгийн ажилтан, доктор, профессор Д. Базаргүр, МУИС, Монгол судлалын төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Ц. Шагдарсүрэн нар орж ажилласан байна.
Дээрхи ажлын хэсгээс дараах санал, дүгнэлтийг гаргаж өнөөдөр Хэвлэлийн бага хурал зарлаж дараах мэдээллийг хийлээ. Үүнд:
 
1. Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрөөр ёсчлох,
2. Чингис хаан – Тэмүжин нь Монгол Улсын Хэнтий аймгийн Дадал сумын нутагт буй Онон, Балж хоёр голын боомын ойролцоох Дэлүүн болдогт төрсөн болохыг баталгаажуулах,
3. Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархалын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байх.

Ажлын хэсгийн дээрх санал дүгнэлтийг ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн хуралдаанаас дэмжсэн болохыг Шинжлэх ухааны Академийн удирдлага Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид уламжилсан байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж