&#34Нарны алхалт&#34-ыг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

&#34Нарны алхалт&#34-ыг зохион байгууллаа

Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ХШҮДАГ-ын дарга С.Төгсдэлгэр нар дөрөвдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт “Эрүүл мэнд-Иргэн таны оролцоо” нээлттэй хэлэлцүүлэг, "Нарны алхалт"-ыг зохион байгуулж, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Эрүүл мэндийн газар дээр ажиллан эмч, мэргэжилтнүүдийн саналыг сонсов.

Хэлэлцүүлгийн эхэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал илтгэл тавьж, хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах арга замын талаар иргэдтэй санал бодлоо хуваалцлаа. Өвөрхангай аймгийн хувьд нялхас, бага насны хүүхдийн эндэгдэл тогтвортой буурахгүй, аймгийн дунджаас байнга их байгаа нь анхаарал татсан асуудал болоод байна. Иймд тус аймагт нялхас, бага насны хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэхээ Сайд илэрхийллээ.

Чөлөөт ярилцлагын үеэр иргэд өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, онцгой анхаарч шийдвэрлэхийг хүссэн юм. Тухайлбал, Эмнэлгийн зарим тусламж үйлчилгээ төлбөртэй байгаа нь ядуу, эмзэг бүлгийн иргэдэд ихээхэн дарамт учруулдаг тул эдгээр иргэд шаардлагатай тусламж үйлчилгээг тэр бүр авч чадахгүй байна. Иймд эмзэг бүлгийн иргэдэд тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх арга замыг бүрдүүлэх нь чухал. Аймгийн эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламжийн асуудлыг анхаарах хэрэгтэй, тухайлбал БОЭТ-ийн барилгын ажил 3 жил дамнаж байна, Халдвартын эмнэлгийн барилга хөгцөрсөн, ашиглах боломжгүй гэсэн акт тогтоолгосон, зарим ӨЭМТ (4,8 дугаар багийн ӨЭМТ) зориулалтын бус байранд байрладаг, хүйтэн, цана цохидог. Алслагдмал, нутаг дэвсгэр том, хүн ам ихтэй сумдад эмнэлгийн тээврийн хэрэгслийн шатахууныг нутаг дэвсгэр багатай, хүн ам цөөтэй эмнэлгийнхээс ялгавартайгаар тогтоодог болох, дуудлагын эмчийн нэгэн адил жолоочид илүү цагийн мөнгийг олгох, эмийн сангуудыг хяналтыг сайжруулах, ижил эмийг өөр өөр эмийн санд ялгаатай үнээр зарж байгааг цэгцлэх, ӨЭМТ-ийг улсын байгууллага болгох, мөн энд эрэгтэй эмч ажиллуулдаг байх, архи, тамхины хяналтыг чангатгах, тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай адил согтууруулах ундааны хяналтыг чангатгах шаардлагатай байна гэлээ.

Аймгийн удирдлагуудтай уулзах үеэр Засаг дарга Д.Тогтохсүрэн Халдвартын эмнэлгийн барилгад эмнэлгийн үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлтийг МХЕГ-аас удаа дараа гаргасан тул шинэ барилга барих санхүүжилтийг шийдвэрлэх, БОЭТ-д стандартын дагуу 512 орон тоотойгоор ажиллах ёстойгоос одоогоор 272 орон тоотой ажиллаж байгааг харгалзан үзэж БОЭТ-ийн орон тоо, санхүүжилтийг нэмэгдүүлэх, БОЭТ-ийн өргөтгөлийн барилга 3 жил дамнан баригдаж, гүйцэтгэл удаашралтай байгааг онцгой анхаарах зэрэг саналуудыг тавив.

Аймгийн ЭМГ дээр ажиллах үед 2013 онд шийдвэрлэх нэн тулгамдсан асуудлуудыг дараах байдлаар тодорхойлон танилцуулав. Үүнд:

– Нялхас, бага насны хүүхдийн эндэгдлийн шалтгаанд судалгаа хийх

– Хүүхдийн эндэгдлийг бууруулах талаар ЭХЭМҮТ-өөс зөвлөх баг авчирч БОЭТ дээр ажиллуулах

– Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүлжүүлэх аян зохион байгуулах

– Хужирт, Гучин Ус СЭМТ-ийг сум дундын эмнэлэг болгон зохион байгуулах

– ӨЭМТ, СЭМТ-д түр оршин суугчдын санхүүжилтийг олгохгүй бол зарим газар санхүүжилт дутах, зарим газар хуримтлагдах явдал гарч байна. Ер нь, нэг иргэнээр тооцсон санхүүжилт бүртгэлээ биш, иргэнээ дагадаг байхаар зохицуулах

– Эрүүл мэндийн сайн дурын идэвхтнүүд (СДИ)-ийг хандивлагч байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр бэлтгэн ажиллуулж байгаа боловч төслийн санхүүжилт дуусгавар болоход хэрхэн тогтвортой үргэлжлүүлэх нь тодорхойгүй байна. Иймд СДИ-ийг бэлдэх, тогтвортой ажиллуулах тогтолцоо бүрдүүлэх

– Эрүүл мэндийн тухай хуулиар эмч, эмнэлгийн ажилчдад олгодог тэтгэмжийг ЭМГ-ын мэргэжилтнүүд ТЗ-ны албан хаагч гэдэг утгаар авч чадахгүй байгаа тул тэтгэмжид хамруулах асуудлыг шийдвэрлэх

– Эмч, эмнэлгийн ажиллагсдын зүгээс Аймгийн эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх, ялангуяа хүүхдийн орны тоог нэмэгдүүлэх,

БОЭТ-ийн стандартыг эргэн харах, тухайлбал дотрын 6 өвчтөнд нэг сувилагч ногдохоор заасан хэрнээ хүүхдийн 20 оронд 1 сувилагч ногдохоор заасан байгаа нь ажлын ачаалалтай уялдахгүй байна гэв. Түүнчлэн халдвартын эмч нарыг бэлтгэх асуудалд онцгой анхаарах, ажилласан 5 жил тутамд олгодог тэтгэмжийг эмнэлгийн үйлчилгээний ажилчдад олгох талаар Эрүүл мэндийн тухай хуульд тусгах боломжийг судалж шийдвэрлэх зэрэг саналыг хэлж байлаа.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд хийж буй ажил, талаарх сүүлийн үеийн мэдээллийг өгч, аймгийн эмч, эмнэлгийн ажиллагсдын санал хүсэлтэд тодорхой хариулт өгөв.

Эх сурвалж: www.moh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж