![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/4/d63210a764f68797/457a694959464e87original.jpg)
Хуралдааны эхэнд энэ асуудлыг Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар хэлэлцсэний дараа УИХ-аар хэлэлцэх ёстой гэдгийг МАН-ын гишүүд болон “Шударга ёс” эвслийн гишүүд горимын санал гаргасан ч УИХ-ын дэгийн тухай хуульд “УИХ-ын дэд дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад шууд гаргаж болно” гэж заасан учраас энэ асуудлыг хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүд асуултдаа хариулт авсны дараа саналаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г.Уянга “УИХ-ын долоон гишүүн С.Баярцогтыг гишүүнээс огцруулах саналтай байгааг УИХ-ын даргад өгсөн. Төрийн өндөрлөгүүдээс гадаадад их хэмжээний данстай байсан нь анхны тохиолдол. Гэхдээ энэ бол зөвхөн илэрсэн анхны тохиолдол юм шүү. Энэ бол УИХ-д сууж байгаа С.Баярцогт шиг хүнд сануулж байгаа сануулга гэж би бодож байна. Энэ үйлдэл бүгдээрээ энэ чуулганы баруун, зүүн жигүүрт сууж байгаа бүх хүмүүст өгч байгаа сануулга гэж бодож байна. Мөн энэ дансанд хэр хэмжээний мөнгө хэзээ, хаана яаж орж, гарсан бэ гэдгийг нь тодорхой болгох ажлыг хууль, хяналтын байгууллага хийх байх гэж бодож байна. Ардчилсан намынханд хандаж хэлмээр байна. АН үнэхээр шинэчлэл хийх гэж байгаа эсэх нь С.Баярцогтын асуудлаар харагдана гэж бодож байна. Олон нийт ч мөн хэлж байна. С.Баярцогт гишүүн өөрөө бүх зүйлээ ил болгох, олон нийтэд үнэн мөнийг хэлж байж ардчиллын зарчим, ардчиллын үнэт зүйлсийг тодорхойлох нэг зүйл гэж бодож байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “С.Баярцогт сайн бэлтгэгдсэн боловсон хүчин. Гэхдээ хувиа хичээсэн, ичихгүй худлаа ярьж чаддаг хүн гэж дүгнэж байна. Хөрөнгө орлогын мэдүүлэгт компанийн нэрийг бичдэг байсан. Энэ компани нь ч гэсэн С.Баярцогтын нэр дээр гэдгийг олон улсын хэвлэлээр ярьсан. Уг нь энэ асуудлыг Ёс зүйн дэд хороогоор оруулсны дараа бид өөрсдийгөө дэлхийд өөрөөр харуулах байсан. Мөн данс эзэмшдэг найзуудынхаа талаар үнэн бодит мэдээллийг УИХ-д хэлэх хэрэгтэй. Эдгээр хүмүүс бол бүгд ард түмний төлөөлөл. Ардчилсан нам ч гэсэн үүнд шударгаар хандаж, үнэн зөвийг олоорой гэж бодож байна” гэлээ.
Гишүүдийн санал үргэлжилж байна.