![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/12/5c345bd76dcdb08b/1083615e4b6e7780big.jpg)
Гэхдээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Ж.Батзандан “Өнгөрсөн оны наймдугаар сард УИХ-ын дэд даргаар С.Баярцогт гишүүнийг томилох тухай асуудал ярих үед Ардчилсан нам, Ардын нам хоёр хоёулаа дэмжээд томилж байсан. С.Баярцогт бол Оюутолгой, Тавантолгойн ордоор туг тахисан. Одоо Монголын төрийг С.Баярцогт мэтийн нөхдүүдээр дахин дампууруулахгүйн тулд хариуцлага тооцох, Монголын төрөөс зайлуулах хэрэгтэй” гэсэн хатуухан шүүмжлэл хэллээ. Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Монгол Улсын тагнуул, хуулийн байгууллага хэвлэлийнхнээс дор болчихоо юу. Нууц дансыг илрүүлчихлээ” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Цог “С.Баярцогтыг 23 настай УИХ-д орж ирж байсныг санаж байна. Таван удаа УИХ-д сонгогдсон гээд яривал их л төлөвшсөн байх ёстой. Гэтэл ямар их зоригтой худал ярьдаг болоо вэ. Ерөөсөө С.Баярцогт УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдчихье гэж бодож болоогүй юм уу. Оюутолгойн гэрээ чинь Монголын талд ашиггүй гэрээ. 68 хувийн татварыг авч хаясан, өөр олон юмыг авч хаяж хийсэн гэрээ” гэлээ.
Үүнд УИХ-ын гишүүн С.Баярцогт “Оюутолгойн гэрээг зөвхөн би хийсэн юм биш. Олон Засгийн газар, олон УИХ дамжиж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар олон дахин хэлэлцэгдэж батлагдсаны үндсэн дээр гэрээг байгуулсан. Гэрээг байгуулахтай холбоотойгоор хэлэлцээр хүнд нөхцөлд явагдсан. Гэхдээ олон хүн энэ асуудлаар өөр өөр байр суурьтай байхыг үгүйсгэхгүй” гэлээ.