Улсын драмын эрдмийн театр энэ сарыг “Хайрын жүжгийн сар” болгон зарласан билээ. Тус театрын тайзнаа саяхан В.И. Красногоровын агуу хайрын түүхийг өгүүлэх “Хайрын домог”, “Би ч гэсэн жаргамаар байна” мелодрам жүжгүүд амилсан бол маргааш “Гэгээн муза 2005” наадмын “Шилдэг зохиолч” номинацийн эзнээр тодорч байсан нэрт сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдоржийн “Шөнө амталсан нулимс” орчин үеийн жүжгийг дахин тайзнаа тоглох гэж байна. Нэгэн гэр бүлийн амьдралаар нийгэм, цагийн байдлыг бүхэлд нь харуулсан уг бүтээл эр хүний ноён нуруу, гэр бүлийн үнэ цэнийг харуулдаг билээ. Жүжгийн гол дүрд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд, С.Сарантуяа нар тоглох юм. Найман жилийн өмнө анх тавигдсан уг жүжиг өнөө ч үнэ цэнээ алдаагүй, үзэгчдийг татсаар байгаа билээ. Харин ирэх амралтын өдрүүдэд Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдоржийн “Хайрын виз” үзэгчдийн хүртээл болох аж.
Хайрын жүжгийн сарын хөтөлбөр:
- Дөрөвдүгээр сарын 19-нд 19.00 цагт Ц.Балдорж “Шөнө амталсан нулимс” жүжиг
- Дөрөвдүгээр сарын 20, 21-нд 19.00 Ц.Балдорж “Хайрын виз” орчин үеийн жүжиг
- Дөрөвдүгээр сарын 26, 27, 28-нд 19.00 цагт Ф.Шиллер “Хар санаа хайр сэтгэл” эмгэнэлт драмын жүжиг
Г.ДАША