
Монгол Улсын өр зээлийн хэмжээ ДНБ-ий 50 хувьд хүрсэн гэсэн мэдээлэл УИХ-ын гишүүд болоод иргэдийн анхаарлыг ихээр татсан юм. Сангийн сайд Ч.Улаан энэ талаар хариулахдаа “Монгол Улсын гадаад болон дотоод өр зээлийн хэмжээ нийлээд ДНБ-ий 50 хувьтай дүйж байгаа нь сэтгэл зовоох хэмжээ биш. Учир нь нийт өрийн хэмжээ ДНБ-ий 60 хувьд хүрвэл аюултай гэж хуульд заасан байдаг. 2012 оны эцсийн байдлаар Монгол Улсын гадаад өр хоёр их наяд 34 тэрбум төгрөгтэй тэнцэж буй бол дотоод өр Засгийн газрын үнэт цаасны өр зээл нэг их наяд 23 тэрбум төгрөг байна. Төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжийн өр нэг их наяд 443 тэрбум төгрөг бол орон нутгийн өмчит болон орон нутгийн өмч давамгайлсан байгууллага аж ахуйн нэгжийн 168 тэрбум төгрөгийн өр бий. Эдгээрээс гадна Засгийн газраас гаргасан баталгааг өрд тооцдог болсон. Одоогийн байдлаар Хөгжлийн банк болон олон улсын зах зээлд 786,7 тэрбум төгрөгийн баталгаа гаргаад байгаа. Монгол Улсыг өрийн дарамтгүй авч явах ёстой гэсэн гишүүдийн шаардлагатай санал нэг байна” гэсэн хариулт өглөө.
Д.ЦЭЭНЭ