Жуулчлалын салбарт 400 гаруй хүн ажилд авна

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Жуулчлалын салбарт 400 гаруй хүн ажилд авна

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарынхан сул чөлөөтэй ажлын байраа нийтэд зарлалаа. Нийт 400 гаруй ажлын байр нэг дор зарласан "Аялал жуулчлал ба ажил эрхлэлт" хөдөлмөрийн яармагт  энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутнууд болон сонирхсон бусад хүмүүс нээлттэй оролцож байна. Хөдөлмөрийн яармагийг нээж нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга хэлсэн үгэндээ "Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт таван том зорилт дэвшүүлсний нэг нь “Ажилтай орлоготой Улаанбаатар” буюу нийслэлийн иргэдийг ажлын байраар хангах асуудал юм. Энэ зорилтын хүрээнд өнөөдрийн яармагийг зохион байгуулж байна. Одоогоос таван   жилийн өмнө Монголд 56 их дээд сургууль аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байлаа. Одоо энэ тоо 30 хүртлээ буурсан нь энэ салбарын хөгжил удааширч байгаа хэрэг биш харин ч зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар явагдаж буйг харуулж байна. Их, дээд  сургуулиуд менежер бус мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд анхаарах цаг болсныг зарлагдсан ажлын байрнуудаас харж болохоор байна” гэж онцлов. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Аялал жуулчлалын үндэсний төв, Аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, аялал жуулчлалын компаниуд хамтран зохион байгуулж байгаа хөдөлмөрийн яармагийг төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэлийн бодит жишээ боллоо гэж хэлэх хүмүүс  олон байлаа.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж